Шууд Chart

Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд 1269 өвчтөн эмчлүүлжээ

2019-04-19 15:26:03

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээ үргэлжилж байна. Тус сарын аяны хүрээнд “Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын  эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг ХНХЯ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад ХНХЯ-ны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, ХАБЭМТ-ийн дарга М.Даваабат болон МШӨ-ний сувилалууд, бусад сувиллын эмч, сувилагч, зэрэг 60 гаруй хүн оролцов.

Энэ үеэр:

-Мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчин, тоосжилтын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, нөхөн сэргээх эмчилгээ,

-Мэргэжлээс шалтгаалсан тулгуур эрхтэн, доргионы эмгэгүүд нөхөн сэргээх эмчилгээ,

-Химийн бодисын архаг хордлогууд,

-Мэргэжлээс шалтгаалсан сонсгол бууралт, амьсгалын дээд замын  эмгэгүүд сэргээн засах, урьдчилсан сэргийлэх арга замууд,

-Мэргэжлээс шалтгаалсан мэс заслын эмгэгүүд, нөхөн сэргээх арга хэмжээ зэрэг олон чухал сэдвээр илтгэл хэлэлцүүлээ. Мөн дээрх сэдвийн хүрээнд  асуулт хариулт явуулж, оролцогчид мэдээлэл солилцсон юм.

2018 оны жилийн эцсийн байдлаар Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 3143 хүн идэвхтэй хяналтад байна. Үүнээс 2221 буюу 53.6 хувь нь мэргэжлээс шалтгаалах уушги тоосжих өвчин болон тоосны шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл эзэлж байгааг ХАБЭМТ-ийн Мэргэжлийн өвчин судлалын газрын Статистикч эмч Б.Шинэбилэг илтгэлдээ онцоллоо. Түүнчлэн Мэргэжлээс шалтгаалах бүсэлхийн ууцны хэсгийн ёзоорын эмгэг буюу нурууны өвчлөл уул уурхай, барилга, зам тээврийн салбарт илүү зонхилж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Мэргэжлээс шалтгаалсан өвчний дөрвөн сувилал, улсын чанартай есөн сувилалд нийт 1269 өвчтөн эмчлүүлж,  сувилуулжээ.

Тус сургалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилал болон бусад төрөлжсөн сувиллын эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл хамрагдсан гэдгээрээ онцлогтой байв. Учир нь нэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сувиллууд мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх асуудалд харилцан туршлага солилцохын зэрэгцээ хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулах ач холбогдолтой боллоо.

Мөн өнөөдрийн сургалт мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд үйлчилдэг сувиллын эмч, сувилагчдын дунд тохиолддог диспансерын хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн хяналтын тогтолцоог сайжруулах үндсэн зорилгоор зохион байгуулагджээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд 1269 өвчтөн эмчлүүлжээ  
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй