
Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын V зөвлөлдөх уулзалт өнөөдөр Токио хотноо болов.
Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги нар ахалсан бөгөөд уулзалтад манай талаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч Ц.Буянцогтоо, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа А.Гансүх, ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх Ц.Болор нар, японы талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны зөвлөх Р.Шякуда, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах бодлого, гадаад харилцааны газрын дарга Х.Сүзүки зэрэг хоёр улсын Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.
Уулзалтаар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт гүнзгийрүүлэх талаар ярилцаж, эдгээр салбар дахь хамтын ажиллагааны ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл солилцов.
Талууд нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулж буй энэхүү зөвлөлдөх уулзалтын ач холбогдлыг тэмдэглэж, цаашид энэхүү механизмыг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Зөвлөлдөх уулзалт болов | ||
Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.