Шууд Chart

"Тамга"-ны хэрэг

2019-04-29 10:04:48

Чукчаг Москва явахад эхнэр нь гоё юм авч ирээрэй. Гоё юм гарч байгаа газар дараалал их байдаг юм шүү гэж захив. Чукча Москвад ирээд Улаан талбай орвол бөөн хүн дугаарлан зогссон байв гэнэ. Тэгэхээр нь ард нь зогссоор Лениний бунхан үзээд харьжээ. Гэртээ ирээд эхнэртээ “гоё юм гарч байлаа. Дугаарлаж дугаарлаж очтол худалдагч нь үхчихсэн байлаа” гэж хэлдэг онигоо бий. Энэ нь нэг талаас онигоо боловч нөгөө талаас аливаа зүйлийн утга учрыг ойлгож, ухаараагүй харанхуй бүдүүлэг улсыг ёгтолсон хэрэг.

Ер нь манайхан ч гэсэн хаа очсон газраа очер дараалал үүсгэхдээ тун гаргуун улс. Үүнийг өнгөрсөн долоо хоногт болсон Гамшгийн иж бүрэн сургуулилт “бүрэн” нотлоод өгөх шиг болов. Сургуулилт болохоос өмнө сонин хэвлэл, телевиз радиогоор энэ тухай хангалттай биш юм аа гэхэд, тодорхой хэмжээнд мэдээлэл сурталчилгаа явж, ямар ч гэсэн гамшгийн сургуулилт болох юм байна гэдгийг аюулгүйн талбайд гарч ирсэн хүн бүр мэдсэн байх гэж найдъя. Түүнээс биш зүгээр сэлгүүцэж яваад, хүн дагаад ирсэн нь юу л бол.

Гэтэл юу болов? Үүнийг бичигч миний бие ч гэсэн тэр өглөө дуут дохио сонсоогүй ч гэсэн 8 цаг өнгөрөөгөөд аюулгүйн талбайдаа очлоо. Харин би хожимдсон тул аюулгүйн талбай аль хэдийн дарааллын “талбай” болж хувирсан байв. “Тамга”-ны хэрэг ингэж эхэлсэн. Яагаад ч юм тэр хүмүүсийг хараад уурлах бас өрөвдөх сэтгэгдэл төрснөө нуух юун. Учир нь миний төсөөлөл хороо хориноороо алхаж, жагсаж, гүйж харайж сургуулилт хийдэггүй юм аа гэхэд тэнд очсон бүх хүмүүс нэгдсэн байдлаар гамшгийн үеэр өөрийгөө, гэр бүлээ хэрхэн хамгаалах тухай заавар зөвлөгөө авах байв. Гэтэл нөгөө л бидний хаа очсон газраа очер дараалал үүсгэдэг, амин хувиа хичээсэн зан маань гамшгийн иж бүрэн сургуулилтыг “гамшиг” болгож хувиргасан хэрэг.

Гэхдээ сургуулилтын үеэр мэдээлэл авах боломжгүй байсан гэвэл худлаа. Манай хороонд л гэхэд очер дараалал үүсгэсэн иргэдийн хажууханд онцгой байдлын хоёр албан хаагч гамшгийн үед хэрхэх тухай мэдээлэл, танилцуулга, зааварчилгааг хангалттай өгч байв. Тэр хоёрыг тойрч зогссон 10 хүрэхгүй хүмүүст “Өрхийн бэлэн байдлын багц”-д ямар зүйлс зайлшгүй байх ёстой, яаж тэдгээрийг ашиглах тухай сонирхолтой мэдээлэл өгөв. Жишээ нь: сонингийн цаас ашиглан биеийн дулаанаа хэрхэн хадгалах, аяга хийх зэргээр миний л хувьд өмнө нь мэдэхгүй зүйлс олон байлаа. Даанч тэнд ирсэн иргэдийн олонх нь ирсэн гол зорилгоо өөрсдөө мартаж, “тамга”-ны хэрэг мандуулсан нь харамсалтай. Гэсэн ч тэд ингээд зогсохгүй бүх бурууг төрийн албан хаагчид руу, зохион байгуулагчид руу чихсэн нь хачирхалтай.

Үүнийг тэр өдөр цахим орчинд нийтэлсэн хоёр постоос харахад л тодорхой болно. Нэг иргэн фэйсбүүк хаягтаа “Нөгөө дуулиант сургуулилт эхнээсээ л олон түмнийг бухимдуулан , бүртгэл дээр нь гурав, дөрөвхөн бээвийсэн гарууд тамга дарах гэж хөдөлж ядсаар дараалал нь картын барааны үеийнх шиг бараг 1 км сунайв.Үүнийг мэдсээр байж олон залуусыг дайчлан язгануулж болно штээ. Зохион байгуулалт ийм л мяа байна даа ! Танайхаар хэр бна ?” гэсэн бол нөгөө иргэн “Аюулаас хамгаалах сургалт явагдах юм байх гэсэн зүгээр тамга даруулах цуглаан байж . Цаас нь ч дуусаад хөгийн юм боллоо хамгийн зохион байгуулалт муутай нь манайх байсан биз” гэжээ.

Яагаад тэд зөвхөн зохион байгуулалтын тухай яриад, өөрсдөө тамганы дараалал үүсгэсэн тухайгаа огт ярьж, бичихгүй байна вэ? Иргэн бүр гамшгийн иж бүрэн сургуулилтын утга учрыг эхнээсээ бүрэн ойлгож, өөрсдөө мэдээлэл мэдлэгтэй болъё гэж ирсэн бол “тамга”-ны хэрэг гарах байсан уу, үгүй юу? Та бодоод үзээрэй. Тэнд цугласан иргэд “Бид гамшгийн үед хэрхэх тухай мэдээлэл авмаар байна, энэ тамга дарж бүртгэл явуулахаа зогсоо гэж шаардах эрхтэй. Бас та үзэл бодлоо илэрхийлж, олон нийтийг очер дараалал үүсгэхээ зогсоож, гамшгийн сургуулилтандаа анхааръя гэж хэлэх, уриалах үндсэн хуулиар олгогдсон эрх чинь хэзээд бий. Хэрэв тэгсэн бол, заавар зөвлөгөө өгөх баримт материал, хүн хүч нь хангалттай хүрэлцэхээр байв.

Муугаар бодъё. Гамшиг боллоо гэхэд иргэн таны амь насыг өөртөө олж авсан жаахан ч гэсэн мэдлэг, мэдээлэл аврах боломжтой. Тэр өдөр даруулсан “тамга”-ны хэрэг гарах болов уу? ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн мэргэжилтэн Уянга МҮОНР-ийн “Хурд” агентлагт өгсөн яриандаа “Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан гамшгийн иж бүрэн сургалтын үеэр иргэд бүртгэлийн хуудсанд тамга даруулах гэж замбараагүй байдлыг үүсгэсэн тохиолдол гарсан. Уг нь энэ сургалтаас иргэд очих ёстой цэгээ мэдэхийн зэрэгцээ холбогдох мэдээллийг авч, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авах боломжтой байсан юм” гэжээ.

Бид аливаа зүйлийн утга учрыг ойлгож, ухаарахгүй бол харанхуй бүдүүлэг Чукчагаас юугаараа ялгарах вэ?

Нийтлэл бичсэн: МҮОНР-ийн сэтгүүлч Ганбатын Батзаяа

Нийтэлсэн: Г.Батзаяа

"Тамга"-ны хэрэг  
Үзсэн: 1509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
簇拥防止踩踏事件 [127.0.0.xxx] 2019-04-29 11:00
安全距离产生美

Бидэнтэй нэгдээрэй