Шууд Chart

МҮОНРТ Зэвсэгт хүчний жанжин штабтай  хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2019-05-02 18:32:40

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ санамж бичгийн хүрээнд Монгол Улсын иргэд, тэр дундаа залуу хойч үеийнхэнд эх оронч, үндэсний бахархалт үзлийг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд өөрийн орны түүх, нүүдлийн соёл иргэншил, адууны өв соёл, уламжлалыг таниулах зорилготой олон улсын “Аравт” морин цэргийн уралдааны мэдээллийг олон нийтэд хүргэх зэрэг шат дараатай ажлыг хамтран хэрэгжүүлэх юм байна.

Хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазараас гадна МҮОНТ-ийн захирал Ч.Батцэнгэл, МҮОНРТ-ийн Байгууллагын хөгжлийн газрын захирал Т.Батзориг, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Ганбат, Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа С.Ууганбаяр  нар оролцлоо.

Ж.Бадамбазар: Олон улсын “Аравт” морин цэргийн уралдааны мэдээллийг МҮОНРТ олон нийтэд хүргэнэ

Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазараас цөөн асуултад хариулт авсан юм.

-Өнөөдөр байгуулж буй хамтран ажиллах санамж бичгийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч?

-Халх голын дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб энэ онд маш олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай эцэг өвгөд улс орныхоо тусгаар тогтнолын төлөө баатарлаг гавьяа байгуулсан энэ түүхийг бид залуу хойч үедээ сануулах, тэднийг сургаж хүмүүжүүлэх чухал үүрэгтэй. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй нэгэн том арга хэмжээ бол ОХУ-аас зохион байгуулдаг олон улсын “Аравт” цэргийн уралдааныг эх орондоо зохион байгуулах.

Олон улсын “Аравт” цэргийн уралдаан энэ онд арван улсад зохион байгуулагдана. Энэ жил дээрх уралдаанд 30 гаруй орны 200 орчим баг оролцохоор болсон. Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб дээрх олон улсын морин цэргийн уралдааныг эх орондоо зохион байгуулах гэж байна.

Зохион байгуулагчдын зүгээс залуу үе хүүхэд багачуудад цэрэг, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, Монгол Улсын түүх, ёс заншил, монгол морио дэлхий нийтэд сурталчлах зорилготой олон улсын “Аравт” цэргийн уралдааны мэдээ, мэдээллийг МҮОНРТ-тэй хамтран олон нийтэд цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх болно. Мөн Халх голын дайны ялалтын 80 жилийн ой арга хэмжээ, үйл ажиллагааны мэдээллийг үзэгч, сонсогч, уншигчдад хүргэнэ.

-Монголд зохиогдох “Аравт” морин цэргийн уралдаан аль аймгийн нутагт болох вэ?

-Уралдаанд байлдааны үүрэг гүйцэтгэхэд бэлтгэгдсэн цэргийн алба хаагчид морьтойгоо байгалийн төрөл бүрийн саадыг давж, дөрвөн цэгийг дамжин бариандаа орох ёстой. “Аравт” цэргийн уралдаан Төв аймгийн Хустайн байгалийн цогцолбор газар, Молцог элс болон хэд хэдэн сумдыг дамжиж үргэлжилнэ. Ингэхдээ цэргийн алба хаагчид  холын уралдаанд нийтдээ 130 гаруй км замыг туулна. Мөн богино уралдаан болно.

-Халх голын ялалтын түүхт 80 жилийн хүрээнд өөр ямар ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Батлан хамгаалах яамны сайдын салбар комиссоос баталсан төлөвлөгөөний дагуу шат дараатай олон арга хэмжээний бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Монгол Улс Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойгоо ОХУ-тай хамтран тэмдэглэдэг. Энэ уламжлалын дагуу том том үйл ажиллагаанууд болно. Мөн ОХУ талаас хүүхэд залуусаа Монголоор аялуулж, хамтарсан аялал зохион байгуулна. Бэлтгэл ажил хангагдаж байгаа. Түүнчлэн Монгол, Оросын хамтарсан хээрийн сургууль болно. Үүнээс гадна Дорнод аймгийн Халхгол сумын ялалтын 80 жилийн ойн бүтээн байгуулалтад цэргийн алба хаагчид маш идэвхтэй оролцож байгаа. Түүхт 80 жилийн ойд зориулсан урлаг соёлын томоохон арга хэмжээ Дорнод аймагт болно. Зөвхөн Дорнодод гэлтгүй бусад аймагт ялалтын 80 жилийн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ Зэвсэгт хүчний жанжин штабтай  хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 1487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй