Шууд Chart

“Хил дамнасан цаасгүй худалдааны асуудлаарх үндэсний зөвлөлдөх уулзалт” болов

2019-05-03 15:13:43

“Хил дамнасан цаасгүй худалдааны асуудлаарх үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг Гадаад харилцааны яамнаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2019 оны тавдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Худалдаа, хөрөнгө оруулалт, инновацийн газрын Худалдааны бодлогын хэлтсийн дарга Ян Дувал болон олон улсын бусад шинжээчид, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

Уулзалтын үеэр манай улсын хил дамнасан цаасгүй худалдааны техникийн болон эрх зүйн орчны бэлэн байдлын үнэлгээний тайланг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар үндэсний төлөвлөгөөний төслийг боловсруулав. Төлөвлөгөөнд Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааны хэлэлцээрт нэгдэн орох, дотоод болон гадаад худалдаатай холбоотой үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, худалдааны асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын мэдээлэл технологийн системийг шинэчилж өгөгдлүүдийг харилцан уялдуулах зэрэг ажлуудыг тусгав.

Манай улс ийнхүү гадаад худалдаатай холбоотой баримт бичгийг цахим хэлбэрээр солилцох үйл явцыг түргэсгэснээр экспорт болон импортын зардал, хугацааг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах боломж бүрдэх юм.


“Хил дамнасан цаасгүй худалдааны асуудлаарх үндэсний зөвлөлдөх уулзалт” болов  
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй