Шууд Chart

МҮОНРТ-ийн III ээлжийн уран бүтээлчид хойд хөршийн ВГИК-ийн сургалтад хамрагдлаа

2019-05-04 14:01:23

Өнгөрсөн онд “MNB World” сувгаа нээж, Монголын телевизийн түүхэнд шинэ жим татуулсан Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз энэ оныг сэтгүүлч, уран бүтээлч, боловсон хүчнийхээ боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарал тавих жил болгон ажиллаж эхэлсэн билээ.

Энэ хүрээнд  МҮОНРТ боловсон хүчнээ урт болон богино хугацааны давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх онол-дадлагын сургалтад хамруулах хүсэлтээ Москвагийн алдарт Бүх холбоотын Кино урлагийн дээд сургууль (ВГИК)-ийн Эрхүү хот дахь салбар сургууль, мөн 100 гаруй жилийн түүхтэй Байкалийн их сургуульд хүргүүлэхэд, хойд хөршийн тал найрсгаар хүлээн авсан.

Өнгөрсөн саруудад олон нийтийн радио, телевизийн 200 гаруй уран бүтээлч хилийн дээс алхаж, урт болон богино хугацааны давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх онол-дадлагын сургалтад хамрагдсан бол III ээлжийн уран бүтээлчид болох .

МҮОНРТ-ийн III ээлжийн уран бүтээлчид ОХУ-ын Эрхүү мужид очсон даруйдаа Эрхүүгийн түүхийн музейн салбар музейгээр зочилж, үзмэр үйл ажиллагаатай нь танилцав. Мөн тус музейн удирдлага, ажилтнууд хойд хөршийн Улаан өндөгний баяр тохиож байгаатай холбоотой МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд өөрийн орны ёс заншил, уламжлал, бүжиг наадгай, дуу хөгжмийг сурталчилсан тоглоом тоглуулж, гар урлалын эд зүйл урлуулав.

Түүнчлэн хойд хөршийн Эрхүү мужийн кино, телевизийн салбар, театр болон студийн уран бүтээлчидтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагаа хийгээд зарим төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон юм.

Дараа нь олон нийтийн телевизийн продюсер, редакторууд Москвагийн алдарт Бүх холбоотын Кино урлагийн дээд сургууль(ВГИК)-ийн Эрхүү хот дахь салбар сургуульд продюсерын мастер-класст хамрагдлаа.

Тухайлбал, “Продюсерын маркетингийн болон санхүүгийн үйл ажиллагаа", “Орчин үеийн ТВ контент” сэдвээр номын дуу сонсож, эл арга хэмжээний хүрээнд МҮОНТ, “Монголын мэдээ” сувгийн Ерөнхий продюсерууд “Удирдлага зүйн  халз тулаан” хийлээ.

Харин дээрх сургалтын хүрээнд тайзны зураач, компьютер-графикч, гэрэлтүүлэгч, тайз засагч уран бүтээлчид ЗХУ-ын Ардын жүжигчин, алдарт кино жүжигчин, театрын найруулагч Н.М.Загурскийн нэрэмжит Хөгжимт Жүжгийн театрын арын албаны үйл ажиллагаатай танилцлаа.

Дашрамд дуулгахад, дээрх Хөгжимт жүжгийн театр нь 2010 онд байгуулагдсан хамгийн залуу, орчин үеийн театр бөгөөд балет, рок дуурь, мюзикл, жүжиг зэрэг жанраар уран бүтээлээ туурвидаг аж.

Монголын хэвлэл, мэдээллийн салбарынхны түүхэнд ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр хилийн чанадад сургалтад хамрагдаж байсан тохиолдол ховор. Харин сувгийн хүртээмж, технологийн шинэчлэл, гадаад харилцаагаа сайжруулж, хөрөнгө оруулалт татаж чадсан МҮОНРТ-ийн удирдах баг энэ чиглэлд даацтай анхаарал хандуулж, нийт гурван ээлжээр 250 уран бүтээлч, боловсон хүчнээ хойд хөршид урт болон богино хугацааны давтан, мэргэжил дээшлүүлэх онол-дадлагын сургалтад амжилттай хамрууллаа.

 

 

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ-ийн III ээлжийн уран бүтээлчид хойд хөршийн ВГИК-ийн сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 1761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй