Шууд Chart

Дэлхийн түүхүүд: Олон мянган хүний хөлс хүч, заримынх нь амиар бий болсон “Зам”

2019-05-06 14:04:40

BBC World News, TV Rain (ОХУ), UN Futura (Бразил) NDTV( Энэтхэг), PMS (Колумб) BBC Arabic (Араб), NTCU (Украйн) зэрэг олон улсын 75 гаруй олон нийтийн телевизийн 600 гаруй сая үзэгч дэлхийн шилдэг баримтат кино төслөөр “нэгдэж холбогдсон” байдаг.

Мөн “World Stories-MNB” төслийн хүрээнд чанартай, хараат бус бие даасан, албан ёсны зохиогчийн эрхтэй контент үзэгчдэд хүргэх үүргээ ийн дэлхийн контентээр биелүүлсэн билээ. Энэ хугацаандаа нийтдээ 25 баримтат бүтээл, кино хэлэлцүүлгийг хүргэж, 9502 минутын нэвтрүүлгийг бэлтгэн нийлүүлсэн.

Тэгвэл МҮОНРТ-ийн “Дэлхийн түүхүүд” нэвтрүүлэг энэ онд олон улсад өндрөөр үнэлэгдсэн 30 баримтат бүтээлийг хүргэхээр болсон билээ. Тус нэвтрүүлэг шинэ дугаартаа найруулагч Жан Жаньбогийн бүтээл “Зам” баримтат киног онцолжээ.

Мао Зэдуны төрсөн нутаг болох Хунань мужийн нам гүмхэн нэгэн тосгоноор дайран өнгөрөх хурдны зам, бүтээн байгуулалттай холбоотой ажилд оролцохоор Хятадын өнцөг булан бүрээс үерийн ус адил хэдэн мянган ажилчин цуглана. Бүтэн дөрвөн жилийн турш үргэлжилсэн их ажлын ард олон мянган хүний хөлс хүч, түүнийг дагасан асуудлууд ар араасаа хөвөрч, зарим нь амиа ч алдана. Үүний улмаас тосгоны уугуул иргэдийн уламжлалт амьдрал өөрчлөгджээ.

Найруулагч Жан Жаньбо энэ баримтат бүтээлээрээ зам барилгын ажлыг тойрсон хувийн асар их ашиг сонирхол, далд явуулга, дүрэм журам зэрэг итгэмээргүй үнэн хийгээд нууц түүхийг ил гаргажээ. “Зам” баримтат бүтээл өнөөдөр 21:05 цагаас МҮОНТ-ээр үзэгчдэд хүрнэ.

Мөн өнөөдрийн киноны хэлэлцүүлэг “Тогтвортой дэд бүтэц рүү” сэдвийн хүрээнд өрнөнө. Улс орны хөгжлийн тулгуур, хурдасгуур болсон дэд бүтцийн хөгжил өдгөө манай улсад ямар байна вэ?. Бидэнд ямар сургамж байгаа, ойрын болон хэтэд ямар ончтой стратегиар ажиллах ёстой, дэд бүтэц дэх инновацилаг болон зөөлөн дэд бүтцийн шийдэл, техник технологийн дэвшлийг хэрхэн хурдан нэвтрүүлж дасан зохицох, хүртээмжтэй, хүрээлэн буй орчиндоо халгүй, иргэдийн амьдралын чанарыг ахиулсан, шинээр ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмсэн, улс орон хийгээд бүс нутгийн эдийн засгийг тэлсэн дэд бүтэц хэдийд байгуулах боломжтой талаар эрдэмтэн судлаач, эрсдэлийн шинжээч хийгээд зарим нэг хөрөнгө оруулагч, донор түнш байгууллагын төлөөллөөс бүрдсэн панелистүүд алсын хараа дэвшүүлж, тулхтай хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хэлэлцүүлгийн модератороор хараат бус сэтгүүлч, "Дэлхийн Түүхүүд-Монголд" төслийн санаачлагч Дэмчигийн Оюунчимэг ажиллана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэлхийн түүхүүд: Олон мянган хүний хөлс хүч, заримынх нь амиар бий болсон “Зам”  
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй