
УИХ-ын чуулганы тавдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Засгийн газар есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар оруулж ирсэн. Санал оруулсан 22 газарт есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэр хамарч байгаа бөгөөд энэ удаа өргөтгөлөөр буюу өмнө нь дархан цаазтай болон тусгай хамгаалалттай байсан хэд хэдэн газрын талбайг нэмжээ.
Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар сүйдэж, эко байдал нь алдагдах эрсдэлтэй газруудаа хамгаалж, байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдэх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь тусгай хамгаалалтад орлоо.
Тухайлбал,
- Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Завханы Тэлмэн, Их-Уул сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар;
- Дарьгангын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар;
- Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
- Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ташгайн таван нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
- Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “А” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
- Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “Б” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
- Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
- Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Халхын таван уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
- Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт орших Баяндун уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
- Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
- Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар;
- Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол хаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
- Онгон таван булгийн байгалийн нөөц газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон сумын зарим хэсгийг хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар;
- Ховд аймгийн Мөст, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумын нутгийг дамнан орших Сутай хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
- Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Батноров сумын нутагт орших Улз голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар;
- Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
- Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хилийн заагт Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сум, Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
- Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
- Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Халхгол сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
- Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
- Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган, Үенч сумын зарим хэсгийг хамруулан байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр тусгай хамгаалалтад орлоо.
Монголын нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь тусгай хамгаалалтад орлоо | ||
Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.