
Өнөөдөр буюу эх орны дайны аугаа ялалтын баярын өдрөөр цэргийн жагсаалаас гадна өөр олон арга хэмжээ болдог. Үүний нэг нь "Бессмертний полк" буюу "Үхэшгүй мөнхийн хороо" нэртэй олон нийтийн жагсаал юм. "Үхэшгүй мөнхийн хороо" жагсаалд Дэлхийн II дайнд оролцож, халуун амь, бүлээн цусаа өргөсөн дайчдын үр ач, төрөл төрөгсөд оролцож, өвөг дээдсийнхээ алдар гавьяаг дурсдаг. Анх 2011 онд гараагаа эхэлсэн хэмээн тооцдог тус жагсаалд зургаан мянга орчим хүн дэлхийн II дайнд оролцсон 2000 гаруй дайчны зургийг барин жагсаж байсан түүхтэй. Тэгвэл өнгөрсөн онд ОХУ-д болсон “Үхэшгүй мөнхийн хороо” хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чанадад нэг сая давж, 80 гаруй улс орныг хамарчээ.
Тэгвэл тус жагсаал “Мөнхөд дурсагдах дайчид” нэрийн дор өнөөдөр буюу Аугаа их ялалтын баярын өдрөөр Улаанбаатар хотод боллоо. Тус
Дараагаар нь Маршал Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.Энэ үеэр жагсаалд оролцож буй зарим хүний сэтгэлийн үгийг сонслоо.
Монгол Улсын баатар Дандар, Хаянхярваа, Данзанваанчиг нарын үр хүүхдүүд жагсав
Ардын жүжигчин, ОХУ-ын Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор, Олон улсын дуучдын шүүгч Данзанваанчигийн Ухнаа: Танай сайтаар дамжуулан Монгол Улсын бүх ард түмэндээ Ялалтын баярын мэндийг хүргэе. Энэ өдөр бол дэлхийн хүн төрөлхтний баярын өдөр. Би яагаад энэ жагсаалд оролцож байна вэ гэвэл миний аав Дашийн Данзанваанчиг 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Монгол Улсын баатар цол хүртсэн. Мөн Би Монгол Улсын баатрын хүүхдүүд сайн дурын холбооны тэргүүнээр ажилладаг. Өнөөдөр энэ жагсаалд Монгол Улсын баатар Дандар, Хаянхярваа тэргүүтэй олон баатар эрсийн үр хүүхэд, хойч үе оролцож байна.
Миний аав Дашийн Данзанваанчиг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын хүн. 1945 оны чөлөөлөх дайнд байлдаж, гарамгай мэргэн гавьяа байгуулсан. Би энэ хүний үр хүүхэд болж төрсөндөө баяртай байдаг. Би Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн хүүхэд учир аавынхаа нэр хүнд, алдар цолыг алхам бүртээ өндөрт өргөж явахыг хичээж ирсэн. Тийм дээ ч үр хүүхдэдээ бусад Монгол Улсын баатрын үр хүүхдэд ч аав нарынхаа нэрийг өндөрт өргөж яваарай гэж захиж хэлдэг” гэлээ.
“Мөнхөд дурсагдах дайчид” жагсаал мөн Орхон аймагт болсон
Монгол хурандаа нийгэмлэгийн ажлын албаны орлогч дарга, хурандаа Л.Амарсайхан: “Танай сайтын уншигчид болон Монголын ард түмэндээ Аугаа их ялалтын 74 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ ойг угтан дэлхий даяар энх тайван найрамдлыг тогтооход бүлээн цус, халуун амиа зориулсан баатар дайчдын үйл хэргийг залуу үедээ танилцуулах, алдаршуулах зорилгоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол хурандаа нийгэмлэг болон энх тайван, найрамдлын байгууллагууд хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Нөгөө талаас уг явган жагсаал энэ жил болох Халх голын ялалтын 80 жилийн ойг албан ёсоор нээж байгаа гэж хэлж болно. “Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, алба хаагчдаас гадна Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг таван их сургуулийн оюутнууд, Орос хэлний сургалттай сургуулийн багш, ажилтан, сурагчид, Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулсан дайчдын үр сад, ОХУ-ын байгууллага, аж ахуй нэгжийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын ажилтнууд, манай улсад амьдарч буй хойд хөршийн иргэд зэрэг 3000 гаруй хүн оролцож байна. “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэл, үзүүлэх уг жагсаал мөн Орхон аймагт зохион байгуулагдаж байгааг дуулгахад таатай байна” гэв.
Хойд хөршийн ард түмэнд баярын мэндчилгээ хүргэв
Бэлтгэл хошууч Г.Баянням: “Би 1963 оны цэрэг. Түүнээс хойш цэрэг армийн салбарт үргэлжлүүлэн ажиллаж, 1990 онд тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд Барилгын цэргийн 022 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч, хөгжмийн групп, салаа салбарын захирагч, штабын орлогч даргаар ажиллаж байсан. Аугаа их ялалтын 74 жилийн ойн баярын өдрийг Монголчууд маш өргөн тэмдэглэж байгаад баяртай байна. Баатарлаг Зөвлөлтийн ард түмэн, Улаан арми болон нийт ард түмэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, баярын мэндчилгээ дэвшүүлье” гэсэн юм.
Дайны баатруудад энх цагийн үрс нь хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.