Шууд Chart

Гэмтсэн хотон шувууг монгол гэрт зургаан сар тэжээжээ

2019-05-13 17:13:52

Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд бууны суманд шархадсан хотон шувуу Чандмань сумын Сүлжээ багт байгааг олжээ. Тухайн үед шувууны зүүн далавч, хөл нь гэмтсэн учир нисэж чадахгүй байсан гэнэ. Ийн гэмтсэн хотон шувууг Жаргалант сум руу авч явж, гурван сар эмчилсэн бөгөөд зориулалтын байр байхгүй учир айлын монгол гэрт тэжээсэн байна.

Дээрх хотон өнгөрсөн оны төл бөгөөд одоо нэг настай. Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамт олон эл хотон шувуунд Азхүү гэдэг нэр өгчээ. Азхүү өдөрт 3-4 загас иддэг. Анх олоход зургаан кг жинтэй байсан бол одоо 7.5 кг болжээ. Хоёр өдөрт нэг удаа хотонгийн ванны усыг сольдог бөгөөд нэг удаад 200 гаруй литр ус ашигладаг. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хуулиар хамгаалагдсан дээрх ховор шувууг өнтэй өвөлжүүлэхийн тулд амьдрах орчны зардал 1.6 сая төгрөгийн санхүүжилт асарч, хамгаалж буй хүмүүст нь олгожээ.

Мөн  Хамгийн сүүлд Хар ус нуурт хийсэн судалгаагаар тэнд 62 хотон өндөглөж, зусдаг гэсэн тоо баримт бий.

Дашрамд дуулгахад, хотон шувууг хуулиар хамгаалж, агнахыг хориглосон ч тоо толгой нь устаж, үгүй болоход хүрсэн. Үүний гол буруутан нь зарим малчин болон хууль бус анчид юм. Учир нь тэд хотонгийн хошуугаар морины хусуур хийхийн тулд хулгайгаар агнадаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гэмтсэн хотон шувууг монгол гэрт зургаан сар тэжээжээ  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй