
Өчигдөр “Шинэ үе”-ийн “Буйд нутаг”-аар зочиллоо. Учир нь үзэгчдэд цөөнгүй дэлгэцийн бүтээл, улирал тутам хошин урлагийн тоглолтоороо бэлэг барьдаг “Шинэ үе” продакшн уран бүтээлийн тэсрэлт хийж, Дорнын Шекспир гэгддэг Хятадын зохиолч Цао Юйгийн “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжгийг энэ сарын 18-наас эхлэн Соёлын төв өргөөнд үзэгчдэд хүргэж эхэлсэн. Тус бүтээлийг Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар найруулсан бөгөөд гол дүрд ардын жүжигчин С.Сарантуяа, Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “Guys” хамтлагийн гишүүн, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Х.Бат-Ундрал, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Б.Баяржавхлан нар тоглосон.
Эл жүжгийн зохиолч Цао Юй 1910 онд Хятадын Хэбэй мужид түшмэлийн гэрт мэндэлсэн бөгөөд бичих авьяас нь багаасаа тодорсон гэдэг. 1934 онд бичсэн "Аянга бороо" нэрээр Монголын тайзнаа тавигдсан эмгэнэлт драмын жүжиг нь түүнд алдар нэр авч ирсэн. Тэрээр нийгмийн амьдрал, сэтгэл зүйн сэдвийг Хятадын ахуй уламжлалтай холбон бичдэг байжээ. Мөн түүний бүтээлүүд шинэ, хуучны зөрчлийг эмгэнэлээр дамжуулан үзэгчийн оюунд хүргэдэг гэдгээрээ онцлог. Цао Юйгийн жүжгүүд Монгол, АНУ, ОХУ, Япон, Унгар, Сингапур зэрэг олон орны тайзнаа амилсан. Түүний “Аянгын бороо” эмгэнэлт драмын жүжгийг нэлээд хэдэн жилийн өмнө “Х түц” продакшн үзэгчдэд хүргэсэн бол "Наран ургахуй" бүтээлийг нь Төв аймгийн Монгол туургатан театрын уран бүтээлчид өнгөрсөн сард УДЭТ-ийн тайзнаа тавьсан.
“Буйд нутаг” жүжгийн хувьд цөөхөн дүртэй ч гэлээ нэг жүжигчнээс олон дүрийн жүжиглэлт шаарддаг өвөрмөц бүтээл аж. Жүжгийн гол зангилаа Жоу Хү (соёлын тэргүүний ажилтан Х.Бат-Ундрал) шоронгоос оргож байгаагаар эхэлдэг. Арван жилийн өмнө түүний гэр бүл өөр зээлэнд баригдахад Жао овогт түүний сүйт бүсгүйг өөрийн хүүтэйгээ хүчээр гэрлүүлснээр барахгүй, охин дүүгийнх нь аминд хүрчээ. Ийн өшөө хорслоороо “хоол” хийж, арван жилийг ардаа үлдсэн Жоу Хү Жао овогтынд ирэх авч гэрийн эзэн хэдийн өөд болжээ.
Харин Жао овогтын эхнэр (Ардын жүжигчин С.Сарантуяа) 10 жилийн өмнө нөхрийнхөө дээрх үйлдлийг эсэргүүцээд дийлээгүй бөгөөд хэзээ нэгэн цагт Жоу Хү өшөөгөө авахаар гэрт нь ирнэ гэдгийг мэддэг, хүлээдэг байв. Тиймдээ ч гэрт нь гай зовлон авчирсан хэмээн бэр Жинь Зигээ (соёлын тэргүүний ажилтан Д.Оюунтуул) үргэлж хорон муу үгээр хэмлэнэ.
Тус жүжигт бусдад гэм хоргүй гурван дүр байдаг нь Жао овогтын цор ганц хүү, Жоу Хүгийн багийн найз Дао Си (жүжигчин Б.Баяржавхлан) болон түүний анхны эхнэрийн хүү. Мөн Жао овогтын зарц Тэнэг Бай (гавьяат жүжигчин Н.Ариунболд).
Монгол хэлний тайлбар толинд “буйд нутаг” гэдэг үгийг хүн амьтангүй зэлүүд газар хэмээн сийрүүлжээ. Хүн бүрт очихыг хүсдэг буйд нутаг бий. Энэ л бичигдээгүй хуулийн дагуу Жоу Хү ч тэр, Жинь Зи ч тэр Жао овогтын гэрийг орхин хамтдаа зэлүүд нутагт очиж амьдрахыг хүснэ. Харин Жао овгийн гэрийн эзэгтэй сохор эмгэнд хүү Дао Си болон бяцхан ач хүүтэйгээ Жоу Хүгийн өшөө хорсол, түүний өшөө авах шалтгаан болсон Жинь Зигээс хол байвал л тэр нь л буйд нутаг аж. Ийн тэрбээр төрсөн хүү Дао Сигээ хамгаалахын тулд загалмайлсан, хуурай хүү Жоу Хүг алахад бэлэн байв. Мөн сохор эмгэнд байгаа хамгийн хүчтэй зэвсэг нь Чан У (төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар) хэмээх хөгшин эр. Чан У 10 жилийн тэртээ Жоу Хүгийн амьдралыг там болгоход хамгийн “чухал” үүрэг гүйцэтгэсэн нэгэн.
Ийн Жоу Хү, Жинь Зи болон Жао гэрийн эзэгтэй, Чан У нарын тэмцэл өрнөхөд тэднийг зааглаж буй “улаан зураас” нь ээжийн ачлалт хүү, Жинь Зигийн үнэнч хань, Жоу Хүгийн сайн найз Дао Си. Тэрбээр хэнд ч хар буруу санадаггүй нэгэн бөгөөд Жоу гэрт нь зочлоход хамгийн их баярладаг. Учир нь түүний гэр бүл, найз түүний аз жаргал. Түүний гэр бол түүний буйд нутаг.
“Бусдын амьдралд гэм хор учруулбал тэр үйлийн үр үхсэн хойно нь ч үр хүүхэд, хайртай дотны нэгэнд нь ирдэг”. “Хүн өс хонзонгоо чиглүүлж чаддаг уу”. “Өшөө авлаа гээд хүний амьдрал сайхан болох уу”. Зохиолч “Буйд нутаг” жүжгээрээ энэ философийг үзэгчдэд ойлгуулахыг хичээсэн болов уу. Харин найруулагчийн тавилтаас “Хүн бүр хүссэн хүсээгүй “Буйд нутаг”-руу явдаг. Тэр “Буйд нутаг” нь үхэл” гэдгийг илүүтэй ойлголоо.
.
















Хүн бүрт очихыг хүсдэг “Буйд нутаг” бий | ||
Үзсэн: 2709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.