Шууд Chart

Байгалийн цогцолбор газрыг аялал жуулчлалын загвар болгон хөгжүүлэхэд АХБ дэмжлэг үзүүлнэ

2019-05-30 15:18:40

Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжил, байгаль хамгааллын загвар болгох зорилгоор 38 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк энэ сарын 28-нд баталлаа. Дархан цаазтай газрын удирдлага, аялал жуулчлалын чиглэлээр АХБ-наас Монгол Улсад олгож буй анхны санхүүжилт болох уг зээлийн төслийн үр шимийг орон нутгийн 11 мянган иргэн хүртэх бөгөөд төслийн хүрээнд байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох болон нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутгаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг илүү сайжруулах аж.

Хөвсгөл нуур бол Монгол орны хамгийн том цэнгэг усны нөөцтэй нуур. Харин Онон-Балжийн байгалийн цогцолбор газар бол Чингис хааны төрсөн нутаг юм. АХБ-ны Зүүн Азийн газрын Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Бизайн “Аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хурдацтай хөгжиж буй том салбар. Монгол Улс гайхам сайхан байгаль, өвөрмөц өв соёлоороо дамжуулан энэ салбараас орлого олох бүрэн боломжтой. Энэ ч утгаараа, АХБ-ны дэмжлэг нь Монгол орны аялал жуулчлалын салбарын хөгжлөөс нутгийн иргэд хүртэх, эмзэг онгон байгалиа урт хугацааны туршид хамгаалахад тус дөхөм болох болно” хэмээн онцолсон.

2017 онд аялал жуулчлалын салбар улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 121500 ажлын байр бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг бүрдүүлсэн. Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор нэн тэргүүнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд анхаарч байна. 2028 он гэхэд аялал жуулчлалын салбар улсын төсөвт 2.1 тэрбум ам.долларын орлого оруулан, 149 мянган ажлын байр бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.0 хувийг бүрдүүлнэ хэмээн таамагласан. Мөн гадаадын жуулчдын тоо хоёр дахин нэмэгдэж нэг саяд хүрэх хүлээлттэй байгаа.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх дээрх төслөөр аялагчдыг дэмжихийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн орлого олох боломжийг бий болгоход чиглэсэн орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулах болно. Түүнчлэн, Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор, тасалбар түгээх цэг зэрэг аялал жуулчлалын төвүүдийг байгуулан, дэд бүтцийг шинэчилж, жуулчид болон нутгийн иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө болон хог хаягдлын байгууламжуудыг суурилуулж, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны менежментийг сайжруулна. Цаашлаад төслийн хүрээнд Монголын анхны аялал жуулчлалын концессын гарын авлага болон эко итгэмжлэлийн хөтөлбөрийг туршин хэрэгжүүлэх юм.

АХБ-ны уг санхүүжилт Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх 2016–2030 оны үндэсний хөтөлбөртэй нийцэж байгаа бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн Засгийн газрын стратеги, үйл ажиллагаанд дэмжлэг болох юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Байгалийн цогцолбор газрыг аялал жуулчлалын загвар болгон хөгжүүлэхэд АХБ дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй