
Шүүхийн шийдвэрээр ял эдэлж буй зургаан хүүхдийг хугацаанаас нь өмнө суллалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-с суллагдаж буй О-оос цөөн асуултад хариулт авлаа.
-Өнөөдөр хугацаанаасаа өмнө суллагдаж байна. Өөрт тань төрсөн сэтгэгдлээ хуваалцаач?
-Шүүхээс намайг ялынхаа талыг эдэлсэн, ял эдэлж байх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, хохирол төлбөрөө төлсөн гэсэн үндэслэлийн дагуу арваннэгэн сар хоёр хоногийн өмнө суллаж байна. Хүүхдийн баярын өмнө суллагдаж байгаадаа баяртай байна. Өвөө, эмээ хоёр минь намайг хүлээж байгаа. Хүүхдийн баярыг хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх болсондоо маш их баярлаж байна.
-Уучлаарай. Ямар хэрэг үйлдээд ял сонссон юм бэ?
-Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан (Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан) гэмт хэрэг үйлдэж хоёр жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн. Найз нөхдөө зөв сонгож найзлах чухал байдаг юм байна. Мөн уур бухимдлаа хянаж сурах ёстойг ойлголоо. Хоромхон зуурын уур уцаараас болж насан туршдаа харамсах том сургамж авсан. Хорих ангийн талаар гадуур хүмүүс буруу ойлголттой байдаг. Тэнд бидний сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломж нээлттэй байдаг.
-Ирээдүйгээ хэрхэн төлөвлөсөн байна. Үе тэнгийн хүүхдүүдэд юуг хэлэх вэ?
-Санаж бодсон зүйл их байгаа. Хамгийн түрүүнд ерөнхий боловсролын шалгалтандаа бэлдэж, үргэлжлүүлэн сурна. Сайн суралцаж, эмээ, өвөө хоёроо баярлуулна гэж бодож байгаа.
Гадуур байгаа хүүхдүүд эцэг, эхийнхээ мөнгийг үрэн байж, сурсан сураагүй хоёрын дунд байгаадаа дүгнэлт хийгээрэй. Бид сурч боловсорч зөв хүн болох нь хамгийн чухал зүйл шүү гэж захимаар байна. Мөн уур бухимдлаа барьж сураарай гэж захья. Өнөөдөр намайг болон бусад таван хүүхдийг хугацаанаас нь өмнө суллаж, баярлах шалтгаан нэмсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүнд маш их баярлалаа.
Зургаан хүүхдийг хугацаанаас нь өмнө суллалаа | ||
Үзсэн: 1428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.