
Түүнчлэн Халх голын түүхэн 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах Засгийн газрын комиссын ээлжит хуралдааны үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц Халх голын тухай баримтат уран сайхны кино бүтээх ажлын хүрээнд Монгол, ОХУ-ын 35-40 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг энэ сарын 6-наас 25-ны өдрийг хүртэл гурван долоо хоногийн турш зураг авалт хийх талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд танилцуулсан.
Тэгвэл өнөөдөр хоёр орны уран бүтээлчдийн ажлын хэсгийн уулзалт боллоо. Эл уулзалтад МҮОНТ-ийн захирал Ч.Батцэнгэл, дээрх кино төсөлд Монголын талаас Хил хамгаалах ерөнхий газраас зөвлөхөөр бэлтгэл хурандаа Д.Баасанжаргал. кино төслийн продюсер Д.Ганчимэг, гадаад харилцаа хариуцсан продюсер Д.Цэцэгдэлгэр, гүйцэтгэх продюсер О.Отгонжаргал, ерөнхий найруулагч Н.Чингис, кино зохиолч, редактор А.Ариунбаатар, ерөнхий зураач А.Баяраа, хувцасны зураач Д.Батмөнх, хойд хөршийн талаас ерөнхий найруулагч Алексей Кременецкий, кино зохиолч Анастасия Зацепина, ерөнхий продюсер Александра Корчагина, ерөнхий зураглаач А.А.Оганесян нар оролцлоо.
Дээрх уулзалтын эхэнд МҮОНТ-ийн захирал Ч.Батцэнгэл “МҮОНРТ олон улсын хэд хэдэн кино төслийг амжилттай хийж гүйцэтгэсэн. Хамгийн сүүлд Турк улсын уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээл хийсэн. Тиймээс хоёр орны уран бүтээлчид хамтран хэрэгжүүлж буй эл төслөөс маш сайн баримтат, түүхэн кино төрнө гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Монголын талаас эл хамтарсан кино төсөлд асар баян туршлагатай уран бүтээлчид багтсан” гэв.
Харин ОХУ-ын талын ерөнхий найруулагч Алексей Кременецкий “ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх, Зэвсэгт хүчний “Звезда” телевиз Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй маш том түүхэн кино төсөл дээр хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Энэ кино багт ОХУ-ын талаас 15 уран бүтээлч ажиллана. Түүнээс 11 уран бүтээлч Монгол Улсад ирсэн бөгөөд хэдийн уран бүтээлийн ажилдаа орсон. Манай талаас ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх, Зэвсэгт хүчний “Звезда” телевизийн нүүр царай болсон туршлагатай уран бүтээлчид ажиллаж байгааг дурдах нь зүйтэй байх. Халх голын тухай баримтат, уран сайхны кино бүтээх багийнхан Монгол орны өнөө үе хийгээд 80 жилийн өмнөх дайны цаг үе, түүхийн хэлхээг голчилно. Кино багийнхан маш урт зам туулж зураг авалт хийхээр болсон. Бэлтгэл ажлууд хангагдаж байна. Энэ бүтээл Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойн баярын өдрүүдээр үзэгчдэд хүрнэ” гэлээ.
Дашрамд дуулгахад, Халх голын тухай баримтат, уран сайхны киноны баг хамт олон буюу монгол, оросын уран бүтээлчид 21 хоногийн хугацаанд Улаанбаатар - Хэнтий - Баян-Овоо - Талын хөндлөн - Баян-Овоо - Чингис хот - Баянтүмэн - Дорнод - Буйр нуур –Халх гол –Чойбалсан хот – Чингис хот- Улаанбаатар чиглэлээр нийтдээ 2326 км орчим км замыг туулж, баримтат болон уран сайхны зураг авалт хийнэ.






















Халх гол тухай цуврал кино хийж буй Монгол, ОХУ-ын уран бүтээлчдийн уулзалт боллоо | ||
Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.