Шууд Chart

Дундговь аймаг, ӨМӨЗО-ны Баяннуур хотын үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтарсан зөвлөгөөн боллоо

2019-06-14 15:08:36

.

Дээрх арга хэмжээ хоёр тал харилцан туршлага солилцох, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн бодит орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засагт жижиг дунд бизнесийн эзлэх байр суурийг бэхжүүлэх зорилготой аж. Түүнчлэн хоёр орны үйлдвэрлэл эрхлэгчдийн цаашдын нягт хамтын ажиллагааны эхлэл болж байгаагаас гадна зөвхөн Дундговь аймаг, Баяннуур хотын бус Монгол, Хятад хоёр орны цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой алхам болжээ.

Тус үйл ажиллагаанд ӨМӨЗО-ны Баяннуур хотын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, газар тариалан, хөдөө аж ахуй бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шинэ технологи, арга барилаасаа хуваалцлаа. Мөн ноолуурын гарцыг нэмэгдүүлэх тэжээл, эх малд сүү оруулах бэлдмэл, газар тариалангийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэрэг аймгийнхаа брэнд бүтээгдэхүүний дээжийгДундговийнхонд танилцуулж, харилцан туршлага солилцлоо.

Үүнээс гадна өчигдөр болсон зөвлөгөөнд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Засгийн ордны дэд нарийн бичгийн дарга Д.Алтанчулуу, Баяннуур хотын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга н.Цолмон, Баяннуурын үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн холбоодын удирдлагууд, хоёр талын бизнес эрхлэгчдийн төлөөлөл, оролцож хоёр орны үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, цаашдын гарц шийдлийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлжээ. 

Уулзалтын төгсгөлд хоёр тал гар урлал, уламжлалт анагаах ухаан, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт харилцан туршлага солилцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн зөвлөгөөний үеэр ӨМӨЗО-ны Баяннуур хотын төлөөлөл монгол үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд худалдаж, борлуулах таатай нөхцөл бүрдүүлэх шийдэл танилцуулав. Тодруулбал, Баяннуур хотын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Д.Ариунжаргал Гүний гааль, Хятадын цахим худалдааны сайтаар дамжуулан Монгол үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний худалдах шийдлүүд илтгэлээ танилцуулав. Энэ эь Монголын  үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд таатай боломж юм.

Дашрамд дуулгахад, хоёр өдрийн арга хэмжээний дүнд Дундговь аймгийн “Зуут констракшн” компани, Баяннуур хотын үйлдвэртэй хамтран туршилт судалгаа явуулж, цаашид малын тэжээлийн үйлдвэрлэлд хамтран ажиллахаар болжээ. Мөн Баяннуур хотын тээвэр, ложистикийн “MCPL” компани Дундговь аймгаас 10 гаруй хүнийг сургалтад хамруулж, ажлын байраар хангаж, хамтран ажиллах гэрээг тус аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй байгуулсан байна.











Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дундговь аймаг, ӨМӨЗО-ны Баяннуур хотын үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтарсан зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 1225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй