Шууд Chart

38 орны 1700 гаруй алба хаагч “Хааны эрэлд” “гарлаа”

2019-06-16 09:00:00

Тус олон улсын сургуулийн нээлтийн ажиллагаа өчигдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Филипп Дэвидсон болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, гадны орноос Монгол Улсад суугаа Элчин сайд, цэргийн аттеше, “Хааны эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцогч улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцлоо.

Энэ үеэр Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга ““Хааны эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцохоор ирсэн дайчид аа. Та бүхний амрыг эрж, Монгол оронд тавтай морилохыг урья. Энхийг сахиулах ажиллагаа нь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, энгийн ард иргэдийг хамгаалах, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт аврах, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, сэргээн босгох ажиллагаа явуулах чухал хэрэгслийн нэг хэвээр байсаар байна.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, энхийг эрхэмлэгч улсын хувьд 2002 оноос эхлэн Зэвсэгт хүчнээ энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж, өнөөдрийг хүртэл нийтдээ 17 мянга гаруй цэргийн алба хаагч олон улсад үүрэг гүйцэтгэжээ.

Энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилалт, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, ур чадвар шаардсан хүнд ажил. Энхийг сахиулах бие бүрэлдэхүүн бэлтгэл сургуулилалт тогтмол хийх нь эрсдэлт нөхцөлийг гарз хохирол багатай даван туулах нөхцөл болсон үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайжруулдаг төдийгүй хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлдэг олон талын ач холбогдолтой.

Энэ удаагийн “Хааны эрэлд-2019” олон улсын сургуулийг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна. Уламжлалт цэргийн сургууль энхийг сахиулагч та бүхний мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг дадлага, туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд өгөөж өгнө гэдэгт итгэлтэй байна. “Хааны эрэлд” олон улсын сургуульд оролцохоор хүрэлцэн ирсэн цэнхэр дуулгатан дайчдадаа амжилт хүсье. Даян дэлхийд энх тайван бэхжиж, үндэстнүүд амгалан байх болтугай” гэлээ.

Мөн Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Филипп Дэвидсон “Өнгөрсөн хугацаанд Монгол Улс өөрийн орны хүчин чадлаас хэт давуу хүч гаргаж, дэлхий дахинд танигдсан энхийг сахиулах ажиллагааны болон цэргийн бие бүрэлдэхүүнтэй болсон. Энэхүү хувьсал өөрчлөлтийн бэлгэ тэмдэг нь “Хааны эрэлд” сургууль гэдэг нь харагдаж байна. Дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоо, тэр дундаа Ирак, Афганистан улсад болсон энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдийн яруу алдар, дайчин чадвар бүх л цэргийн алба хаагчдад илт мэдрэгдэж байсан. Тиймээс энэ сургуулиар ихийг сурч мэдээсэй хэмээн бүгдэд уриалж байна.

“Хааны эрэлд-2019” дадлага сургуулийн амжилт оролцогч улс орнуудын алба хаагчдын оролцоогүйгээр биелэх боломжгүй. Дэлхийн 38 орны цэргийн алба хаагч хамтдаа бэлтгэл хийх боломж маш цөөн тохиодог. Энэ дадлага сургууль бол амьдралд ганц л тохиох боломж. “Хааны эрэлд” сургуулиар дамжуулан бид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, улс үндэстнүүдийн хоорондын итгэлцлийг бий болгохыг зорьдог. Нэгнийхээ хэрэгцээ, шаардлагыг сонсож, бүгдэд өгөөжтэй шийдлийг олох, харилцан бие биенээсээ суралцахыг зорьдог билээ. Энд жагссан цэргийн алба хаагчдын зарим нь дэлхийн хаа нэгтээ үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдэж байгаа. Тэдэнд үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо очихын ерөөл өргөе” гэсэн юм.

Нээлтийн дараа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр “Олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” сургууль анх 2003 онд зохион байгуулагдсан. Тухайн үед Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтарч хоёр орны алба хаагчдыг хамруулсан сургууль зохион байгуулсан бол энэ жил 38 орны 1700 гаруй алба хаагч оролцсон энхийг дэмжих ажиллагааны олон улсын том сургуулилт болсон байна. Энэ дадлага сургуулилтын хүрээнд нэгдүгээрт, “Хааны эрэлд” сургуульд оролцож буй улс орны албан хаагчдын энхийг дэмжих чадавхыг дээшлүүлэх том зорилт тавигддаг. Хоёрдугаарт, НҮБ-ын шугамаар зохион байгуулагддаг энхийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд мөрддөг дүрэм журам, чадавхыг оролцогчдод суулгадаг. Гуравдугаарт, олон орны цэргийн бие бүрэлдэхүүн хамтран ажиллах учир уялдаа холбоог хэрхэн зохицуулахад анхаардаг.

Энэ жилийн тухайд гэвэл Бүгд найрамдах Бенин, Бүгд найрамдах Замби, Молдова, Руанда, Того, Израйл, Йорданы Хашимитын хаант улс “Хааны эрэлд” сургуулилтад анх удаагаа оролцож байна. Оролцогч улсуудаас зарим орон “Хааны эрэлд” сургуулилтад салаа цэргээ илгээлээ. Мөн зарим улс ажиглагчийн хэмжээнд оролцсон бол бусад орноос эмнэлэг, тэсрэх дэлбэрэх бодистой ажиллах баг зэрэг цэргийн мэргэжлийн бие бүрэлдэхүүн илгээсэн. Гадны улсуудад ихэнхдээ цөөн тооны улс орны алба хаагчид цуглаж дадлага сургууль хийдэг. Дэлхийн хэмжээнд нэг дор ийм олон орны алба хаагч цуглаж,  сургууль хийх тохиолдол ховор. Тиймээс “Хааны эрэлд”-д 38 орны алба хаагч хамтарсан сургууль хийж байгаа нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн арга хэмжээ гэж хэлж болно” гэв.

“Хааны эрэлд-2019” сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, команд штаб болон хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавх нэмэгдүүлэх сургалт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана. Тус сургууль энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм.

 

























































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

38 орны 1700 гаруй алба хаагч “Хааны эрэлд” “гарлаа”  
Үзсэн: 1919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zok [127.0.0.xxx] 2019-06-19 16:06
Хаан нь хаачсын олдох болтгуай

Бидэнтэй нэгдээрэй