
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "Армейские игры" буюу “Олон улсын цэргийн наадам” жил бүр цар хүрээгээ тэлсээр өнгөрсөн онд долоон улсад болсон бол энэ жил арван оронд зохион байгуулагдана. Тухайлбал, зохион байгуулагч гол орон буюу хойд хөршид 16 уралдаан болохоос 14 нь полигонд болно. Мөн хамтран зохион байгуулагч Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан гэсэн есөн орны газар нутагт 16 уралдаан явагдана. Үүнээс
Өмнөх жилүүдэд "Армейские игры" наадмын хүрээнд морин цэргийн уралдаан огт болж байгаагүй аж. Түүнчлэн Казахстан, Узбекистан улс тус уралдааныг өөрийн оронд зохион байгуулах хүсэлтэй байжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "Армейские игры" наадмыг өргөжүүлэх, хамтран зохион байгуулагч орны тоог нэмэх зорилгоор манайд санал хүргүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс чармайлт гаргаснаар 800 жилийн тэртээ дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан Монгол Улс олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулах эрх авчээ.
Тэгвэл тус наадмын Төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал өчигдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. Энэ арга хэмжээнд уралдаанд оролцогч ОХУ, Казахстан, Киргиз орны Зэвсэгт хүчний удирдлагын төлөөлөл, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе, хурандаа Ян Сүнь, Япон улсын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе, хурандаа Хонда Коёотока, Турк улсын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе Тамер Аккан, АНУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташегийн туслах, дэд хурандаа Грегори Едгреен тэргүүтэй албаны эрхэм оролцлоо. Түүнчлэн олон улсын “Аравт” морин цэргийн уралдаанд оролцогч орнуудаас гадна БНХАУ, АНУ, БНТУ, БНСУ, Япон, Зимбабве зэрэг улс ажиглагчаар оролцохоор болсон.
Төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурлын эхэнд "Аравт" олон улсын морин цэргийн уралдааны Ерөнхий зохион байгуулагч, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэмцээний нөхцөл, маршрут болон бэлтгэл ажлын талаарх ерөнхий мэдээллийг танилцуулсан. Түүнчлэн оролцогч орнуудын Зэвсэгт хүчний удирдлагын төлөөлөл "Аравт" тэмцээнд алба хаагчдаа хэрхэн бэлтгэж байгаа талаараа илтгэл хэлэлцүүлэв. Дараагаар нь дэд ажлын хэсгүүд буюу тэмцээнд оролцогч орнуудын Зэвсэгт хүчний удирдлагын бүрэлдэхүүн, холбоо, мэдээллийн бүрэлдэхүүн хариуцсан ажил үүргийнхээ талаар санал солилцож, нэгдсэн шийдэлд хүрсэн. Мөн хуралд оролцогчдод "Аравт" уралдаан явагдах газар орны нөхцөл байдал, цэргийн алба хаагчдын байрлах байрыг үзүүлж, танилцууллаа.
“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан хоёр үе шаттай зохион байгуулагдана. Тодруулбал, оролцогч багууд эхний шатанд 124 км замыг мориор туулах хугацаандаа усан саад туулах, морь сэлгэх, хээр хоноглох, татан гаргалт гэсэн тактикийн дөрвөн цэгт даалгавар биелүүлнэ. Харин дараагийн шатанд 7.5 км-ын богино зайд уралдаж, өгөгдсөн даалгаврыг биелүүлэх юм байна. Мөн уралдаанд орох цэргийн алба хаагчдыг ирэх сарын 20-ноос хүлээн авч монгол моринд дасгах болон арчилгаа, эдэлгээ, хоол, хүнс тэжээл тохируулах зэрэг арга, ажиллагаанд дадлагажуулах аж.
Дашрамд дуулгахад, тус тэмцээний цэргийн нээлтийн тоглолт наймдугаар сарын 3-нд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан Беларусь, Азербайжан, Иран, Узбекистан гэсэн зохион байгуулагч есөн оронд нэгэн зэрэг болох аж.













Монгол Улсын Зэвсэгт хүчин морин цэргийн гайхамшгийг дэлхийд сурталчилна | ||
Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.