
Үндэсний бөхийн ууган дэвжээнүүдийн нэг, Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний сорилго барилдаан өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдлаа. “Бөх билэгт” дэвжээ байгуулагдаад 23 жил болж байгаа бөгөөд 2016 оноос УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тус дэвжээг тэргүүлэхээр болсон.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын “Бөх билэгт” дэвжээний бэлтгэлийг Улсын гарди Д.Рагчаа удирдан явуулж байгаа. Д.Рагчаа гардийн удирдлага дор Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой “Бөх билэгт”-ийн бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ.
Үүнээс гадна “Бөх билэгт” дэвжээний удирдлага олон жилийн турш тасарсан баяр наадмын сорилго барилдаанаа энэ жилээс эхлэн сэргээж байгаа аж. Мөн бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтыг тасалдуулахгүйн тулд өөрийн гэсэн бэлтгэл сургуулилтын төв байгуулжээ. Ийн “Бөх билэгт”-ийн хүчтэнүүд жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийх боломж бүрдэв. Тус
“Сорилго барилдааны үеэр УИХ-ын гишүүн, “Бөх билэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай дэвжээ өөрийн бэлтгэлийн баазтай болсон. Мөн бөхчүүд жил бүр өвлийн, хаврын сэргэлтийн, баяр наадмын гэсэн гурван бэлтгэлд гарч байгаа. Түүнчлэн намар аравдугаар сараас хавар тавдугаар сарыг дуустал байнгын бэлтгэлтэй байдаг. Долоо хоногийн 3-4 өдөр нь тогтмол бэлтгэл хийж байна. Залгуулаад баяр наадмын бэлтгэл эхэлдэг. Манай дэвжээ энэ жил 80х40 метрийн хэмжээтэй хөлбөмбөгийн талбай, зүлэгтэй бэлтгэлийн талбай шинээр тохижуулсан. Цаашлаад бөхчүүдээ өвөл бэлтгэл хийх нөхцөлөөр хангасан. Ирэх жилийн наадам гэхэд бөхчүүдийнхээ бэлтгэл хийх бүх боломж бололцоо, ая тухыг нэмэгдүүлж бүрэн хангана” гэлээ.



“Бөх билэгт” дэвжээний баяр наадмын сорилго барилдаан боллоо | ||
Үзсэн: 1454 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.