Шууд Chart

"Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлнэ"

2019-07-04 17:19:42

“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “Дөрөв дэх өнцөг”, “Түгээмэл эрх хөгжил”, “Захиргааны шинэ санаачлага” зэрэг ТББ-аас санаачлан “Далай ээж” олон улсын эко соёлын аян эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус аяны төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх зорилготой дээрх аяны хүрээнд урлагаар дамжуулж олон нийтэд байгаль орчин, эрх зүйн мэдлэг олгохоос гадна Хөвсгөл нуурын үнэ цэнэ, ач холбогдлыг олон улсад таниулах юм. Түүнчлэн “Далай ээж”-ийг дэлхийн өвд бүртгүүлэх үндэслэлийг боловсруулах эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, баримтат кино бүтээхээр төлөвлөж байгаа аж. Хэрвээ

Үүнээс гадна Австрали, Непал, Бангладеш зэрэг найман орны зураач, бүжигчин тэргүүтэй 25 уран бүтээлч дээрх аянд нэгдэж, манай оронд иржээ.  Тэд энэ сарын 9-нд Улаанбаатарт, 12, 16-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд тоглолт зохион байгуулж, орлогоо “Далай ээж”-ийг хамгаалахад зориулах юм байна.

Хэвлэлийн хурлын үеэр “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн, байгаль орчны хуульч Б.Баярмаа өнөөгийн байдлаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд жуулчны 117 бааз байгаа нь байгалийн экосистемийн даац хоёр дахин хэтэрсэн үзүүлэлт аж. Цаашлаад даац хэтэрснээр хөрсний бохирдол, тоосжилт үүсч, нуурын усыг бохирдуулж байгаа тухай хэлсэн. Мөн тэрбээр тус нуурын ойр орчимд фосфор олборлодог байсан компаниудын буруутай үйл ажиллагаанаас химийн бодис нуурын усанд шингэж, ус замагтаж, хад чулуунд хаг сууж эхэлсэн гэв. Уг нь тус төрийн бус байгууллагынхан Жанхай ордод үйл ажиллагаа явуулдаг “Талст маргад” компанийн эзэмшдэг ашиглалтын хоёр, хайгуулалтын зургаан лицензийг цуцлуулсан ч тухайн компани эрхээ сэргээлгэхээр байгаль орчны үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлнэ"  
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй