
Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Яараад яахав дээ” аяны хүрээнд нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүллээ. Үүний үр дүнд жолооч нар хурд хэтрүүлэх нь багасаж, ослын тоо буурсан. Бидний ажлыг иргэд, жолооч нар дэмжиж, ухамсартай хүлээн авсан. Мөн зорчигч нар ч жолооч нарт шаардлага тавьж сурчээ. Цагт 80 км хурдлаад аливаа ажлаас хоцрохгүй, харин ч эрсдэлээс сэргийлж болдгийг харуулснаараа тус аян ач холбогдолтой байлаа” гэв.
Өнгөрсөн сарын 15-наас хойш нэг сарын хугацаанд зам, тээврийн ослын 45 гэмт хэрэг бүртгэсэн байна. Үүний улмаас 37 хүн амиа алдаж, 30 хүн гэмтжээ. Энэ нь гэмтсэн хүний тоо 49.7, нас барсан нь 11.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Зам, тээврийн осолтой холбоотой нийт гэмт хэрэг 63 хувиар буурсан аж.
Цаашид Улаанбаатараас Сайншанд, Зам-Үүд чиглэлийн авто замд камер суурилуулахаар ЦЕГ-ынхан төлөвлөжээ. Ингэснээр автомашины дундаж хурдыг тодорхойлох боломж бүрдэх гэнэ. Өөрөөр хэлбэл, Замын-Үүд, Сайншандын чиглэлд зорчиж буй иргэд хэдэн цагийн дотор зорьсон газартаа очсоныг шүүж, хурдыг нь тодорхойлж, бүртгэх юм байна. Камер суурилуулснаар иргэд хурдаа хянаж, амь биеэ хамгаалах боломж бүрдэнэ гэж албаныхан үзжээ. Энэ ажлыг 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэнэ.
Үүнээс гадна ТЦА-ныхан орон нутгийн замд хяналт, шалгалт хийжээ. Байнгын хяналтын 50, хөдөлгөөнт эргүүлийн 68 цэгт 295 алба хаагч, 38 автомашинтай ажиллаж, 217 мянга гаруй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан аж. Улмаар 52500 гаруй зөрчил илрүүлсэн байна. Түүнээс 1106 хүн нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилтэй байсныг илрүүлэн, шалгаж буй гэнэ.
Мөн ТЦА-ны орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Отгонбаяр “Зарим иргэн орон нутаг руу аялахдаа хурд хэтрүүлдэг. Дээрх аяны хүрээнд хүүхдийг буруу тээвэрлэх зөрчил 90 хувиар буурсан гэхэд хилсдэхгүй. Иргэд орон нутгийн замд зөвшөөрөх дээд хурдыг нэмэх хүсэлтэй байдаг. Гэвч жолооч хурдаа нэмэх тусам харах талбай нарийсдаг, цагт 80 км-ээс дээш хурдлах нь осол гарах эрсдэлийг нэмдгийг байнга санаж явах нь зүйтэй. Засмал замд гарах осол буурсан ч шороон замд иргэд зөрчил гаргах тохиолдол цөөнгүй байна” гэлээ.
Улаанбаатараас Сайншанд, Зам-Үүд чиглэлийн авто замд камер суурилуулна | ||
Үзсэн: 1167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.