
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ш.Батболд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Тэрбээр “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 22 223 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1199 нэгж буюу 5.7 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй 622 үйлдэл бүртгэгдсэн нь 101 нэгж буюу 19.4 хувиар өссөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 75 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарлаа. Үндэсний их баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй нийт 9863 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 128 нэгж буюу 1.3 хувиар, гэмт хэргийн шинжтэй 269 үйлдэл бүртгэгдсэн нь 19 нэгж буюу 7.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан баярын нээлт, хаалт, хүчит бөхийн барилдаан, түрүүлсэн сур, шагайн харваачид, хурдан морьд, унаач хүүхэд, хүчит бөхчүүдэд цол, шагнал гардуулах, Төрийн есөн хөлт цагаан тугийн залах, буцах үед 28 байгууллагын 1070 алба хаагч, 200 олон нийтийн цагдаа, 40 оюутан цагдаа батлагдсан төлөвлөгөөний дагуу “Шуурхай штаб”-ыг байгуулан ажиллалаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт төөрсөн хүүхдэд шаардлагатай тусламж үзүүлэх зорилгоор “Хүүхдийн түр хамгаалах асар”-ыг байгуулан ажиллахад Хүй долоон худагт 32, Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 40, Сүхбаатарын талбайд 27, нийт 2-13 насны 99 хүүхэд төөрч ирснийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэн өглөө.
Баяр, амралтын өдрүүдэд “Эмзэг цэг-Хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 195 алба хаагч 70 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж, 761 иргэн, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг 887 аж ахуй нэгжийг шалгаж ажиллав” хэмээлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 75 хувиар буурчээ | ||
Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.