Шууд Chart

Зарим гэмт хэргийн тоо өсжээ

2019-07-29 17:29:42

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр болсон. Энэ хэвлэлийн бага хурлаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Э.Ганцэцэг нар Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэргэжилтэн Э.Эрдэнэбилэг нар олны анхаарал татсан хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Анхан шатны шүүх 2019 оны эхний хагас жилд эрүүгийн 7073, иргэний 21420, захиргааны 791 хэрэг нийт 29284 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 8460 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 680 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1019 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1922 хүний цагдан хорих хугацаа сунгажээ. Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 860 хэргээр буюу 13.8 хувиар, захиргааны хэрэг 8 хэргээр буюу 1 хувиар тус тус өссөн бол иргэний хэрэг 15.8 хувиар буурсан байна.

Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 13.8 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 10.5 хувиар тус тус өссөн байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн ял шийтгэсэн 6976 этгээдийн 6975 нь хүн, 1 нь хуулийн этгээд байна. 1210 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Хүнийг алах, хүчиндэх, залилах, мал хулгайлах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. Харин хахууль өгөх, хахууль авах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэрэг, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

- Хүнийг алах гэмт хэрэг 28 хэргээр буюу 30.8 хувиар,

- Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 375 хэргээр буюу 13.7 хувиар,

- Хүчиндэх гэмт хэрэг 71 хэргээр 51.1 хувиар,

- Хулгайлах гэмт хэрэг 149 хэргээр буюу 17.3 хувиар,

- Дээрэмдэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 29.8 хувиар,

- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 13 хэргээр буюу 20.3 хувиар,

- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 116 хэргээр буюу 25.9 хувиар,

- Залилах гэмт хэрэг 101 хэргээр буюу 49.3 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:

- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 30 хэргээр буюу 19.7 хувиар,

- Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9 хэргээр буюу 81.8 хувиар,

-Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 4 хэргээр буюу 57.1 хувиар,

- Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 17 хэргээр буюу 41.5 хувиар тус тус буурсан.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зарим гэмт хэргийн тоо өсжээ  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй