
Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Э.Ганцэцэг нар Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууллаа.
Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд шүүхээс нийт ял шийтгүүлсэн 1 хуулийн этгээд, 6976 хүний 1 хуулийн этгээд, 3870 хүнд торгох ял, 1027 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 2081 хүнд хорих ял оногдуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 25.6 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 14.2 хувиар, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 3.1 хувиар тус тус өссөн байна.
Шүүхээс 3870 хүн, 1 хуулийн этгээдийг нийт 4 тэрбум 46 сая 169 мянга 260 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 29.1 хувиар нэмэгдсэн байна.
Цагдан хорих зөвшөөрлийн тоо буурав
Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 232 хүнээр буюу 29.5 хувиар, сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 64 хүнээр буюу 2.1 дахин, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 53 хүнээр буюу 36.6 хувиар тус тус өссөн байна.
Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав
Улсын хэмжээнд 2019 онд нийт 65 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 31 хүн буюу 32.3 хувиар буурсан бол хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлж, нээлттэй дэглэмээс хаалттай дэглэмд шилжүүлсэн хүний тоо 8 хүнээр буюу 2.3 дахин өссөн байна.
Иргэний нийт хэрэг 15.6 хувиар буурав
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 4018 хэрэг буюу 15.8 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад гэрээний эрх зүйн маргаан, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэрэг маргаан, хөдөлмөрийн эрх зүйн маргаан, газрын маргаан буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Гэр бүлийн тухай хуулиар нийт 2108 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 177 хэргээр буюу 7.7 хувиар буурсан бөгөөд гэрлэлт цуцалсан хэрэг 161 хэргээр буюу 11.6 хувиар, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 43 хэргээр буюу 7.8 хувиар тус тус буурчээ. Харин эцэг тогтоосон хэрэг 18 хэргээр буюу 9 хувиар, эцэг эх байх эрх хасах хэрэг 6 хэргээр буюу 85.7 хувиар өссөн байна.
Захиргааны нийт хэрэг 5.9 хувиар буурав
Төрийн албаны маргаан 17.8 хувиар, газрын маргаан 5.4 хувиар, Татварын маргаан 11.4 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 2.3 хувиар тус тус буурсан байна.
Харин иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 14 хэргээр буюу 2 дахин, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 24 хэргээр буюу 75 хувиар, Тендерийн маргаан 21 хэргээр буюу 2.6 дахин өссөн.
Давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тоо буурав
Давж заалдах шатны шүүх 2019 оны эхний хагас жилд эрүүгийн 1172 хэрэг, иргэний 1620 хэрэг, захиргааны 649 хэрэг, нийт 3629 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар буурсан байх ба эрүүгийн хэрэг 0.9 хувиар, иргэний хэрэг 17.6 хувиар, захиргааны хэрэг 7.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Хяналтын шатны шүүх 2019 оны эхний хагас жилд эрүүгийн 140 хэрэг, иргэний 984 хэрэг, захиргааны 226 хэрэг, нийт 1350 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 49.8 хувиар, иргэний хэрэг 5.7 хувиар, захиргааны хэрэг 20.1 хувиар тус тус буурсан байна.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг бууруулахад нөлөө үзүүлж байна
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 6210 өргөдлийг шийдвэрлэж 4579 буюу 73.7 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 1631 буюу 26.3 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна.
Монгол Улсын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны эхний хагас жилд нийт 18664 (хэрэгсэхгүй болгосон хэргийг хассанаар) хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 4579 өргөдлийг амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн 19.7 хувьтай тэнцэж байгаа тул иргэний хэргийн шүүхийн ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байна.

Шүүхээс хорих ял түлхүү оноожээ | ||
Үзсэн: 1330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.