
Америк, Канадын болон Монгол Улсын оюутан, багш, сонирхогчид Америкийн Монгол судлалын төвийн Зуны хээрийн сургуульд оролцохоор Улаанбаатар хотод цуглаад байна. Уг сургалтын хөтөлбөрийн нээлт нь өнөөдөр Гадаад харилцааны яам, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд болсон. Сургалтын хүрээнд оролцогчид Улаанбаатар хотын гэр хороололтой танилцаж, дараагаар нь Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаар аялж, хээрийн судалгааны техникийг суралцана. Ийн оролцогчид ирэх сарын 16-нд Улаанбаатар хотод буцаж ирснээр сургалтын хөтөлбөр дуусч байгаа аж.
Зуны хээрийн сургууль нь Америк, Канадын оюутан, багш, сонирхогч нарт зориулан Монголын археологи, социологи, эрчим хүчний салбарын тухай кэйс судалгаа байдлаар заах аж. Хээрийн сургуулийн үндсэн багш нар АНУ-ын НОМАД Сайенс /NOMAD Science/, Макалестер коллеж /Macalester College/, Хобарт, Уильям Смитийн коллеж /Hobart and William Smith College/, Канадын Ройал Рөүдз их сургууль /Royal Roads University/-аас ирж байгаа бөгөөд монгол туслах багш нар нь Үндэсний түүхийн музей, МУИС, Бельгийн Гентийн их сургуулиас оролцож байгаа юм.
Дашрамд дуулгахад, Америкийн Монгол судлалын төв нь Монгол болон Хойд Америкийн хоорондох боловсролын солилцоо, төсөлд чиглэсэн төрийн бус, ашгийн бус байгууллага юм. 2002 онд байгуулагдсанаасаа хойш АМСТ нь Монгол судлалын хөтөлбөрт 2.4 сая ам.доллар зарцуулаад байгаа бөгөөд Монгол болон бусад улсын 100 гаруй эрдэмтнийг хээрийн судалгаа, академийн солилцоонд хамруулжээ. АМСТ нь 200 гаруй “Speaker Series” нэртэй цуврал илтгэл, 40 гаруй академик бага хурал, семинар зохион байгуулсан.
АМСТ нь Хойд Америк болон Өвөр Ази дахь Монгол судлалын салбарт идэвхтэй ажилладаг 40 гаруй судалгааны байгууллагуудын нэгтгэл бөгөөд 360 хувь хүн, эрдэмтний гишүүнчлэлтэй. Мөн цахим сэтгүүлийг нь 2300 орчим хэрэглэгч тогтмол уншдаг аж.




“АМСТ Зуны хээрийн сургууль” анх удаа зохиогдож байна | ||
Үзсэн: 727 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.