Шууд Chart

Шилдгийн шилдэг “Цэнхэр дуулгатан”-уудыг тодрууллаа

2019-09-16 11:05:59

Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд анхны энхийг сахиулагчдаа илгээн оролцуулснаас 2002 оноос хойших хугацаанд гурван тивийн 10 гаруй оронд тухайлбал, Конго, Баруун Сахар, Ирак, Афганистан, Сьерра-Леон, Косово, Чад, Этиоп, Гүрж, Судан, Өмнөд Судан улсад давхардсан тоогоор 17000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж_,НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 190 гаруй орноос “Топ-20” орны нэг болсон билээ. Энэ хугацаанд мотобуудлагын салаа хүртэлх хүч хэрэгслээс рот, батальон хүртэлх хүч хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, байрын хамгаалалтаас бүхэл бүтэн сектор хариуцах хэмжээнд мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн.

Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 850 гаруй алба хаагчтай цэргийн баг үүрэг гүйцэтгэж байна.

Ийн үндсэн үүргээ нэр, төртэй гүйцэтгэж ажил албандаа үр дүн гарган, хөдөлмөр бүтээл, ажлын үзүүлэлтээр хамт олноо тэргүүлж, бусдыгаа хошуучлан ажилласан хуягт тээвэрлэгчийн ротын тасгийн захирагч, машины дарга, ахлах ахлагч П.Доржсүрэнг “Шилдэг энхийг сахиулагч”, байлдааны хангалтын ротын радиотелефончин, дэд ахлагч Ш.Азжаргалыг “Шилдэг эмэгтэй энхийг сахиулагч”, гуравдугаар мотобуудлагын ротын салааны захирагч, дэслэгч Г.Пүрэвсүрэнг “Оны тэргүүний офицер”, ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Ч.Чинзоригийг “Оны тэргүүний ахлагч”, гуравдугаар мотобуудлагын ротын гранатомётны туслах, ахлагч П.Энхзаяа, байлдааны хангалтын ротын гагнуурчин, дэд ахлагч Л.Бат-Эрдэнэ нарыг “Оны бүтээлч цэргийн алба хаагч”-аар, гуравдугаар мотобуудлагын ротын дэслэгч Г.Пүрэвсүрэн захирагчтай нэгдүгээр салаа “Оны тэргүүний салаа”, хангалт үйлчилгээний ротын ахлах ахлагч Б.Ганчимэг захирагчтай гал тогоо тасаг “Оны тэргүүний тасаг”-аар шалгарлаа.

UNMISS ажиллагааны төв штабаас зохион байгуулсан олон улсын өдөрлөг болон “Данкон” марш, бусад тэмцээн уралдаанд тогтмол амжилт үзүүлсэн мотобуудлагын нэгдүгээр ротын буудагч, дэд ахлагч М.Уртнасан “Оны шилдэг эрэгтэй тамирчин”, нэгдүгээр мотобуудлагын ротын буудагч, дэд ахлагч Н.Ууганцэцэг “Оны шилдэг эмэгтэй тамирчин”-гаар шалгарсан бол эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гарган өөрийгөө дайчилж Олон улсын хүчний байгууллага болон батальоны захирагчийн нэрэмжит спорт, соёл урлагийн арга хэмжээнд удаа дараа бусдыгаа хошуучилсан байлдааны хангалтын ротын кранчин, жолооч дэд ахлагч Г.Тулга, жолооч, дамнуургачин, дэд ахлагч О.Лхагвасүрэн, телефончин, дэд ахлагч Д.Отгонжаргал нар мотобуудлагын батальоны захирагчийн нэрэмжит шагналаар шагнуулав.

Мотобуудлагын батальоны VIII ээлжийн Төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий зургаан байгууллагаас 100 гаран цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, цэргийн сахилга батаар хамт олноо тэргүүлэн амжилт гаргасан нэгдүгээр мотобуудлагын ротын жолооч, буудагч ахлагч Ш.Сүх, буудагч, дэд ахлагч Б.Доржзовд, хуягт тээвэрлэгчийн ротын тасгийн пулемётчин, ахлагч Н.Жаргалсайхан, байлдааны хангалтын ротын дотрын эмч, ахлах дэслэгч Н.Досжан, хангалт үйлчилгээний ротын бэлтгэгч, дэд ахлагч М.Бауыржан нарыг үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

БНӨСУ-дахь UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын мотобуудлагын батальоны VIII ээлжийн НҮБ-ын мандатаар заагдсан үүргээ нэр, төртэй гүйцэтгэснээс гадна баазын гадна, дотно шинээр зам, талбай байгуулах, ажиллах, амьдрах орчноо сайжруулах зэрэг томоохон бүтээн байгуулалт, иргэн цэргийн харилцааг сайжруулах чиглэлээр орон нутгийн иргэд рүү хандсан хүмүүнлэгийн олон ажил, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, UNMISS ажиллагааны Хүчний командлагч, орлогч дарга хошууч генерал Д.Баярсайхан зэрэг гадна, дотны хүндэт зочид төлөөлөгчдийг хүлээн авсан зэрэг, UNMISS ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын дунд анх удаа “ДАНКОН”, “МОНМАРШ“, “MONCUP” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан, энхийг сахиулах ажиллагаанд дугуйтай эргүүлийг, тэр тусмаа холын зайн эргүүлийг Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид цаг, агаарын хүнд нөхцлийг үл ажран гүйцэтгэсэн зэрэг анхны, UNMISS ажиллагааны Хүчний Командлагч, гадны хүндэт зочид төлөөлөгчид “Хубилай” баазад ажлын айлчлал хийх үеэрээ Монгол Улсын батальон үндсэн үүрэг гүйцэтгэлт болоод урлаг, спортоороо бусад батальоноос илүү байгаад сэтгэл хангалуун байгаагаа удаа дараа илэрхийлж байсан зэрэг нь мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадварт өгсөн үнэлгээ юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны наймдугаар ээлжийн баг бүрэлдэхүүн UNMISS ажиллагааны энхийг дэмжих ажиллагаанд өөрийн хариуцсан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж, дараагийн ээлжийн цэргийн багт хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шилдгийн шилдэг “Цэнхэр дуулгатан”-уудыг тодрууллаа  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй