
1578 онд Түмэдийн Алтан хан, Халхын Автай сайн хан нар Хөх нуурын Цавчаалын газраа “Тэгчэнчойнхорлин” хэмээх сүмийг байгуулж урин залж, бурханы номын утга учир, олон ардыг амаржуулан, төр шашныг засахуй зэрэг өргөн асуудлаар уулзаж ярилцсан байна.
Түмэдийн Алтан хан Содномжамц ламд “Богд хамгийг айлдагч Очирдара Далай лам” цол, тамга өргөхөд өмнөх хоёр дүрийн тэргүүн лам нарыг нэхэн нэрлэхийг Түмэдийн Алтан хан зөвшөөрчээ.
XV зуунаас өнөөг хүртэл Далай ламын арван дөрвөн дүрийг тодруулан залаад байгаагаас III, XIII дүрийн Далай лам Монгол оронд заларч байсан ба IV дүрийн Далай лам Ёндонжамц Түмэдийн Алтан ханы ач дүү Сүмбэр хунтайжийн гэрт лагшин мэндэлсэн монгол хүмүүн байв.
I Далай лам. Зонховын ахмад шавь, алдарт Гэндэндүб нь анхдугаар дүрийн Далай лам. Түүнд энэ цолыг нөхөн олгосон. Тэрбээр Лүмбэн хийдийг байгуулж, Барайбүн хийдийг үндэслэсэн ба “хэмжигч ухааны чимэг” тэргүүтэн долоон боть зохиол туурвижээ.
II Далай лам Гэндэнжамц 21 настайдаа гэлэнгийн санваар хүртжээ.
III Далай лам Содномжамц 1578 онд Монголд залагдан Түмэдийн Алтан хаанаас Далай лам цол хүртэж, алтан тамга соёрхогджээ.Тэр үеэс Төвдийн шарын урсгалын тэргүүнийг Далай лам гэх болсон ба өмнөх хоёр дүрд нэхэн нэрлэх болжээ.
IV Далай лам Ёндонжамц шороон үхэр жил Түмэдийн Алтан ханы ач дүү Сүмбэр хунтайжийн гэрт мэндэлсэн. 14 настайдаа Төвдөд очиж гэлэн санваар хүртэж тарнийн ёсонд суралцаж байгаад 1616 оны улаан барс жил Брайбун хийдэд нас нөхөцжээ.
V Далай лам Агваанлувсанжамц Гандан, Брайбун хийдэд ширээнд сууж байсан бөгөөд Манж Чин улсын хаанаас “Шашны эзэн Очирдара Далай лам” тамга авч алтан навчит өргөмжлөл хүртжээ.Тэрээр Өөлдийн Төрбайх гүүш хааныг залж улааны эсэргүүцлийг дарж Төвөдийн шарын шашны тэргүүнээр өргөмжлөгдөж Далай ламын их өргөө Будалин ордныг шинэчлэн засварлажээ.
VI Далай лам Цаньянжамц 15 настайдаа өргөмжлөгдөж, 1706 онд Бээжинд очих замдаа Хөх нуурт нас нөгчжээ.
VII Далай лам Галсанжамцыг 12 настайдаа Далай ламаар өргөмжлөгдөн 1720 онд Будалин ордонд залжээ. V Банчин богдоос гэлэнгийн санваар хүртжээ.
VIII Далай лам Жамбалжамц 1763 онд Далай ламд өргөмжлөгдөж, 8 насандаа гэлэн санваар хүртэж шашны хэргийн зэрэгцээ Төвөдийн засгийн эрхийг мэдэх болсон байна.
IХ Далай лам Лүндэгжамц 1808 онд Будалин ордонд гурван настай өргөмжлөгдөж, 11 настай таалал төгсчээ.
X Далай лам Чүлтэмжамц 1816 онд лагшин мэндэлж 1822 онд алтан ширээнээ заларчээ. V Банчин богдоос гэцэл санваар хүртэн Брайбун хийдэд олон жил сууж 1833онд гэлэн санваар хүртжээ. 1837 онд Будалин ордондоо нас нөгчжээ.
XI Далай лам 1841 онд Банчин эрдэнэ санваар өгч, 1842 онд ширээнд залжээ. 1846 онд гэцэлийн санваар авч Сэра, Брайбүн, Галдан хийдэд ном үзэж шашны хэргийг эрхэлжээ.1855 онд таалал төгсчээ.
XII Далай лам Пэрэнлэйжамц 1857 онд лагшин мэндэлж,1860 онд Будалин ордонд залагджээ. VII Ванчинбогд өвчнөөр нас барж, VIII Ванчин эрдэнэ дөрвөн настай байсан учир номын нэр хүртэж чадаагүй. 1873 онд Бүрэнт Засагч хааны зарлигаар Төвөд орны засгийн эрхийг барьж, олон хийдээр явж шашин номын үйл үйлдэж 1875 онд нас баржээ.
XIII Далай лам Түвдэнжамц Лхасын Ландан хэмээх газарт 1876 онд лагшин мэндэлсэн. 1878 онд VIII Ванчин эрдэнэ үсийг нь хайчилж номын нэр хайрлаж 1879 онд Далай ламын алтан ширээнд өргөмжлөгдөв. 1882 онд гэцэл,1895 онд гэлэнгийн санваар тус тус .1895 онд төр барих ёслол хийжээ. 1905-н онд Оросоос тусламж авахаар Монголд ирсэн боловч Орос улс Японтой дайтаж байсан учир тусламж авч чадсангүй буцжээ. 1933 онд Будалин ордондоо таалал төгсчээ.
XIV Далай лам Данзанжамц дөрвөн настайд нь Далай ламын хувилгаанаар тодруулж,1940 онд Будалин ордонд ширээнд залах ёслол хийжээ.
1959 оноос XIY Далай лам Энэтхэгт дүрвэн гарч өнөөг хүртэл умард Энэтхэгийн Дармасалад амьдарч байна.
ХIV Далай багшийн алдар хүндийн үрээр дэлхийд хамгийн их тархсан монгол үг Далай лам болсон юм.
Эх сурвалж: Буддын соёлын Махагала нийгэмлэг






Дэлхийд хамгийн өргөн тархсан монгол үг | ||
Үзсэн: 10795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.