Шууд Chart

Батлан хамгаалах салбар иргэддээ үйл ажиллагаагаа танилцууллаа

2019-09-25 09:10:14

Энэ үеэр Батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд үйл ажиллагааныхаа чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийхийн зэрэгцээ иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч холбогдох үйлчилгээг үзүүлэв. Мөн НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын оролцсон байдлын тухай төрөлжүүлсэн зурагт самбар, видео бичлэг, Төрийн хүндэт харуулын жагсаалын үзүүлбэр, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЦДБЭЧ-ын уран бүтээлийн тоглолт, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулж байсан нь ирсэн зочдын анхаарлыг татлаа. Түүнчлэн гадаадад үүрэг гүйцэтгэж буй цэргийн ар гэрийг хүлээн авч санал сэтгэгдлийг нь сонсож, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад мэндчилгээ хүргэх боломжийг бүрдүүлсэн юм.

Тус өдөрлөгийн үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Монгол Улсын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “”Нээлттэй өдөрлөг” арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яам үйл ажиллагаагаа эхлүүллээ. Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын Батлан хамгаалах Зэвсэгт хүчний салбар иргэний удирдлагатай. 1992 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш Батлан хамгаалахын сайд нар цэргийн бус хүмүүс ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Үүний утга нь Батлан хамгаалах салбар, хүчний байгууллагын салбарт ардчилсан иргэний нийгмийн зүгээс хяналт тавих бодлогыг нь боловсруулах үйл ажиллагааных нь явц байдалд дүгнэлт хийх зориулалттай учраас бид ийм тогтолцоогоор явж ирсэн. Энэхүү нээлттэй арга хэмжээ зохион байгуулж буй нь иргэн-цэргийн холбоог бэхжүүлэх, иргэдийн дунд цэрэг-эх орон хүмүүжлийг төлөвшүүлэхэд оршиж байгаа. Нөгөө талаас иргэдийн зүгээс татвар төлөгчдийн мөнгөөр батлан хамгаалах салбар юу хийж байна гэдгийг ярьж ойлгуулах, эргээд тэднийг сонсох тэр хэмжээгээр төрийн цэргийн бодлогыг тогтворжуулах том зорилготой юм” гэдгийг онцоллоо.

Арга хэмжээний үеэр ард иргэдийн сонирхсон асуултад хариулахаар  Батлан хамгаалах яамны төв архив, Цэргийн төв эмнэлэг эрүүл мэндийн үзлэг хийж Үндэсний батлан хамгаалах их сургуулийн элсэлтийн журам, сургалтын тогтолцоо, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй тэнхимийг танилцуулсан. Мөн Хээрийн гал тогоо ажиллуулж, иргэдэд цэргийн хоолоор үйлчлэв. Энэ үеэр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Баясгалан “Цэргүүд өдөрт нормын дагуу 3800-4200 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг. Энэ нь тухайн цэргийн нэг өдөрт зарцуулсан энергийг бүрэн нөхөж байдаг” гэлээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Батлан хамгаалах салбар иргэддээ үйл ажиллагаагаа танилцууллаа  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй