Шууд Chart

“Сарьдагийн хийд” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

2019-09-25 17:26:17

ХVII зууны Монгол Улсын түүхэнд гарч ирсэн Чингис хааны алтан ургийн нөлөө бүхий зүтгэлтний нэг нь олон түмэндээ “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн Халхын анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. .

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 оны хооронд зургаан жилийн турш Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа хийсэн. Эл судалгааны үр дүнд Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншигийн эд зүйл зэрэг олон олдвор илрүүлсэн юм. Энэхүү олдворуудыг тоолж бүртгэн, сэргээн засварлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхээ сан хөмрөгт шилжүүлжсэн. Тэгвэл тус хүрээлэнгийн судлаачдын баг Өндөр гэгээний Сарьдагийн хийдэд хийсэн зургаан жилийн малтлага судалгааны ажлаа олон түмэндээ энэхүү цогц үзэсгэлэнгээр тайлагнаж байгаа нь энэ юм.

Үүнээс гадна Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн музей, лабораторид 2014-2015 онд илэрсэн шашин шүтлэгийн холбоотой 10 гаруй төрлийн 1000 орчим олдворыг сэргээх бэхжүүлэх ажлыг хийж музейн үзмэр болгон олон нийтэд үзүүлэхэд бэлэн болжээ. Цаашлаад Богд хааны ордон музейн сан хөмрөгөөс алдарт ногоон дара эх 300 жилийн тэртээд хамт байсан язгуурын 1000 бурхантай нэгэн дор “чуулах” юм. Мөн Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээний холбоотой дурсгалуудыг дээрх үзэсгэлэнд дэлгэн сонирхуулах төдийгүй Европт хэрэглэж байсан нарны цаг, оросын буу, Энэтхэгт оршиж байсан Моголын эзэнт улсын худалдааны зоос, Балба зоос, Мин улсын язгууртны шаазан эдлэлийг дэлгэхээр болжээ.

Эрхэм уншигч танд дээрх үзэсгэлэнгийн үеэр болох лекц, хөтөлбөрийн хуваарийг хүргэж байна.

2019.09.27 /Баасан гараг/

16.00: “Сарьдагийн хийд. Өндөр гэгээний уран бүтээлийн ордон: Сарьдагийн хийдэд явуулсан малтлага судалгаа” лекц - академич С.Чулуун

14.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр (Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд)

2019.10.04 /Баасан гараг/

14.00: “Өндөр гэгээний дэг сургууль, хийц” лекц - Бурханч лам Г.Пүрэвбат /Ph.D/

16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд/

2019.11.15 /Баасан гараг/

14.00: “Өндөр гэгээн Занабазарын Монголын бурхан шашинд гүйцэтгэсэн үүрэг” лекц -Н.Хатанбаатар

16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд

2019.12.18 /Баасан гараг/

14.00: “Өндөр гэгээн Занабазарын өв” лекц - Урлаг судлаач Ц.Уранчимэг /Ph.D/

16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд болно.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Сарьдагийн хийд” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ  
Үзсэн: 1700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй