Шууд Chart

Л.Нинжжамц: Урдаа тавьсан зорилгодоо хүрэхээр шамдан ажиллаж байна

2019-10-04 18:02:40

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамцаас өнгөрч буй 2019 онд хийж хэрэгжүүлсэн болоод ирэх жил хийгдэх ажлын талаар тодрууллаа.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хамт олон 2019 онд хоёр том зорилго дэвшүүлсэн. Нэгдүгээрт, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу үндэсний өв соёл, ёс заншлыг дэмжсэн контентыг түлхүү үйлдвэрлэх. Хоёрдугаарт, хүний нөөцийн бодлого, шинэчлэлийг эрчимжүүлэх. Хүний нөөцийн бодлогын шинэчлэл, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажлын хүрээнд уран бүтээлчдээ богино болон урт хугацааны мэргэжлийн сургалтад тогтмол хамруулж байна.

Үүнээс гадна МҮОНРТ телевизийн I, II, III, IV сувагтаа техникийн шинэчлэл болон олон улсын стандартыг хангасан контент үйлдвэрлэх, худалдаж авах, олон нийтэд үзүүлэх зэрэг хэд хэдэн том ажил хийлээ. Тухайлбал, дэлхийн олон орон албан ёсны эрхтэйгээр өөрийн орны үзэгчиддээ хүргэсэн “Нинжа дайчид” шоуны эрхийг авсан. Тус шоу нэвтрүүлгийг МҮОНТ 52 жилийнхээ ойн босгон дээр “Монголын Нинжа дайчид” нэрээр өнгөрсөн есдүгээр сарын 29-нөөс үзэгчиддээ хүргэлээ. Түүнчлэн “Хамгийн азтай үе” 16 ангитай киног бүтээж, эфирээрээ цацсан.

Мөн удахгүй хавдрын эсрэг бүрэн хэмжээний кино үзэгчдэд хүрнэ. Түүнчлэн хошин урлагаар дамжуулж хүмүүс хоорондын харилцааны сөрөг асуудлыг шүүмжилсэн уран сайхны кино удахгүй дэлгэцэнд гарна.

Мөн энэ жил ABU(Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо), БНСУ-ын болон Туркийн TRT, ОХУ “Звезда”, Өвөр Монголын өөртөө засах орны “Одон” телевизтэй хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, контент үйлдвэрлэлээ.

МҮОНРТ хүүхдийн болон ахлах ангийн сурагчдад зориулсан контентынхоо тоог нэмсэн. Түүнчлэн эрүүл мэндийн, эрх зүйн, санхүүгийн боловсрол олгох нэвтрүүлэгт онцгой анхаарч ажиллаж байна.

Хараат бус “Maxima” судалгааны төвөөр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын үзэгч, сонсогчийг хамруулсан МҮОНРТ-ийн ТВ, радиогийн сувгуудын үзэлт, сонсолтын талаарх судалгаа хийлгэсэн.

“Монголын мэдээ” сувгийн хувьд олон улсын шаардлагыг хангасан тайз, студитэй боллоо. Мөн мэдээний хөтөлбөрийн шинэчлэл хийгдсэн. Боловсон хүчний асуудал, тэдэнд зориулсан урт болоод богино хугацааны сургалтад онцгой анхаарч ажиллаж байна. “Монголын мэдээ” суваг дунджаар өдөрт 10 орчим цагийн шууд нэвтрүүлэг хүргэдэг.

МҮОНТ болон “Монголын мэдээ” суваг үндсэн сүлжээний шууд нэвтрүүлгээс гадна улс орны хэмжээнд болж буй үйл явдлын шууд дамжуулалтыг үзэгчдэд хүргэдэг.

Сүүлд л гэхэд Дорнод аймгийн Халх гол сумаас Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг 1000 орчим км-ын зайнаас шууд дамжуулсан.

МҮОНРТ-ийн сувгууд 2017, 2018 онд улсын төсвийн дэмжлэгтэй олон улсын шаардлагыг хангасан техникээр хангагдсан. Өмнө нь аналог системээр хөтөлбөрөө хүргэдэг байсан бол 2018 оноос тоон систем буюу HD форматад бүрэн шилжлээ.

“MNB спорт” суваг энэ онд тив дэлхийн хэмжээний болон дотоодын тэмцээн уралдааныг дамжуулж үзэгчиддээ хүргэсэн. Өдөрт 10-12 цаг зарим үед 18 хүртэлх цагийн шууд дамжуулалт хийж байна. Ирэх онд болох “Токио-2020” зуны олимпийн наадмыг дамжуулах эрх авахаар ажиллаж байна. Монголчууддаа МҮОНТ, “Монголын мэдээ”, “MNB спорт” сувгаар олимпийн наадмыг хүргэхээр ажиллаж байна. Техникийн хувьд бүрэн хангагдсан. Зөвхөн эрх авах асуудал үлдсэн, одоо хэлэлцээрийн түвшинд явж байна. Англи хэлээр хөтөлбөрүүдээ бэлтгэн хүргэдэг “MNB world” суваг энэ онд дотоод, гадаадын олон үзэгчтэй болсон. Ялангуяа сошиал платформ буюу интернет орчинд нэг удаагийн зорилтот хөтөлбөр, мэдээг 15-55 мянган үзэгч үзэж байна. “MNB world” сувгийг англи хэл сурах, хэлний мэдлэгээ сайжруулах гэсэн 15-25 насныхан сошиал орчинд тогтмол үздэг. Энэ жил Үндэсний их баяр наадмыг англи хэлээр шууд дамжуулснаас гадна Монголд суугаа гадаадын дипломат корпусын ажилтнуудыг оролцуулсан хэд хэдэн нэвтрүүлэг бэлтгэн хүргэсний дүнд МҮОНРТ Монгол орноо дэлхийд сурталчлах үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа.

Монголын радио энэ онд дүрстэй радио болсон. Агаарын цэнхэр долгионоор дамжуулж, үзэгчдээ соён гэгээрүүлж, олон сайхан нэвтрүүлгээ бэлтгэн хүргэсээр байна. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нд Монголын радиогийн 85 жилийн ойг тэмдэглэлээ. Дэлхий нийтийн чиг хандлага эргэн радио сонсдог болж байна. Завгүй ажилтай, нэг газраас нөгөө рүү явдаг хүмүүс радио, подкаст түлхүү сонсох болсон.

Монголын радиогийн хувьд орон нутагт илүүтэй сонсдог. Нийслэлийн иргэд FM-106 долгионоор сонсож байна. “Монголын дуу хоолой” радио гадаадын таван хэлээр нэвтрүүлгээ бэлтгэж, тухайн орны сонсогчдод сошиал сувгаар хүргэж байна.

МҮОНРТ уран бүтээлч, сэтгүүлч, ажилчдынхаа цалинг сүүлийн гурван жилийн хугацаанд шат дараалалтай нэмсэн. Энэ онд ч мөн тодорхой хувиар нэмэгдсэн. МҮОНРТ улсын төсвөөс болон телевиз үзэгчдийн хураамжаар санхүүждэг. Хуульд зааснаар эфирийнхээ хоёр хувьд нийгмийн шинж чанартай сурталчилгаа нэвтрүүлэх боломжтой байдаг.

Энэ санхүүжилтээр уран бүтээлч, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдэж, цалин тэтгэмжийг нэмж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, эрүүл чийрэг байлгах үүднээс фитнесс төв нээсэн. Мөн байгууллагын дэргэдэх 150 хүүхдийн цэцэрлэгийг хэвийн ажиллуулахад зарцуулж байна.

МҮОНРТ-ийн барилгын хуучин төв баригдсанаас хойш 50 гаруй жил өнгөрч байна. Шинэ төв 1988 онд ашиглалтад орсон. Манай байгууламжийн газар доорх дулаан, цэвэр бохирын шугам зарим газраа хагарсан. Өнгөрсөн онд улсын төсвийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-өөс VI бичил хороолол хүртэлх газар доорх бохир, цэвэр усны шугамыг солилоо. МҮОНРТ-д хамаарах хэсэгт Баянгол дүүргийн Зурагтын зам дагуух зарим албан газар, айл өрхөд цахилгаан дамжуулдаг бичил станцууд байдаг. Манай инженер, техникийн ажилтнууд засвар, үйлчилгээг нь хариуцан ажиллаж байна.

Бид 2019 онд эхний гурван улиралд Үндэсний зөвлөлөөс баталсан төсөв, төлөвлөгөөний дагуу зорилтот ажлуудаа бүрэн хийж амжуулсан гэж үзэж байгаа. 2020 онд уран бүтээлчдээ сургах, кино, нэвтрүүлэг, олон улсын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэх, тоог нь нэмэхээр төлөвлөж байна.

Мөн хүүхэд, залуу үе, гэр бүл, тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан телевизийн суваг зайлшгүй хэрэгтэй байна. МҮОНРТ энэ бүлэгт зориулсан нэвтрүүлэг, эфир хүргэж байгаа ч хангалтгүй байгаа. Тиймээс 2019-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дэмжлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зөвлөмж зөвлөгөө авч “MNB гэр бүл” сувгийг нээхээр бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. МҮОНРТ-д шинэ сувагт ажиллах суурь боловсон хүчин бий. Мөн бусад сувгийн болон ашиглагдахгүй байгаа хоосон байр, талбайг студи болгон засварлаж байгаа.

Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд ашигладаггүй 500-700 м.кв талбайг засаж, MNB цэцэрлэг, студи нээж ашиглалтад оруулсан.

МҮОНТ 1967 оны есдүгээр сарын 27-нд анхны эфирээ цацсан. Тухайн үетэй харьцуулахад хүн амын тоо хэд дахин өсчээ. Монгол Улсад анх телевиз нээгдэхэд Монголын нэг, хойд хөршийн нэг нийт хоёр л суваг гардаг байсан бол өнөөдөр зөвхөн Монголынх л гэхэд 100 орчим суваг үзэгчдэд хүрдэг болсон. Харин МҮОНРТ дөрвөн сувгаар эфирээ хүргэхээс гадна дээр дурдсан тав дахь сувгаа нээхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

МҮОНРТ ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг. Улсын төсвөөр, татвар төлөгчдийн мөнгөөр орж ирж буй санхүүжилтийг хэрхэн зөв, ашигтай зарцуулах, санхүүгээ олон нийтэд ил тод, шилэн байлгахад анхаарч ажиллаж ирсэн. Манай байгууллага 2018 оны аудитаар санхүүгийн зөрчилгүй гарсан. Удахгүй энэ оны дотоод болон хөндлөнгийн аудитаа хийлгэнэ. Санхүүгийн сахилга баттай сайн жишгийг түүчээлж байна. Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 2005 онд батлагдсан. Үүнээс хойш арав гаруй жилийн хугацаанд манай байгууллагын том объектууд үл хөдлөхийн гэрчилгээгүй байв. Харин манай гүйцэтгэх удирдлагын баг олон нийтийн өмчийг үнэлүүлж, үл хөдлөхийн гэрчилгээ авсан. Олон нийтийн өмчийг хамгаалах, хэмнэх бодлогынхоо хүрээнд  эрчим хүчний хэмнэлтийн гэрчилгээтэй байгууллага болсон. Санхүүгийн ERP ухаалаг программыг нэвтрүүлснээр хүний нөөцийнхөө ажилласан цагийг минут секундээр хэмжиж цалин бодогддог. Харуул хамгаалалт, камержуулалтын систем 100 хувь хэрэгжиж байна.

Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 2-нд ахмадуудаа хүлээж авч, хүндэтгэл үзүүллээ. МҮОНРТ-ийн сэтгүүлч, уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд, арын албаныхан үзэгч, сонсогч, уншигчиддаа сайн сайхан зүйлийг үзүүлэх гэж ажилладаг. Тиймдээ ч улс орны хэмжээний болон олон улсын том контент, төсөл, хөтөлбөрүүдийн ард амжилттай гарч чаддаг.  Тиймээс МҮОНРТ-ийн үе үеийн сэтгүүлч, уран бүтээлч, инженер техникийн ажилтан, арын албаныхандаа баярлалаа гэж хэлье.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Л.Нинжжамц: Урдаа тавьсан зорилгодоо хүрэхээр шамдан ажиллаж байна  
Үзсэн: 2853 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй