Шууд Chart

“Дотоод тэнгэр”-ээ дэлгэж, дараагийн “Гол тоглогч”-ийг танилцуулсан номын хурим

2019-10-07 16:01:52

Уг хуримд Монголын утга зохиол, яруу найргийн болоод сэтгүүл зүйн салбарын томчуул, түүчээ болсон эрхмүүд хийгээд залуу үеийнхэн оролцлоо. Сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Гол тоглогч” ном Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, З.Энхболд, Ц.Нямдорж зэрэг эрхмийн жинхэнэ түүхийг дэлгэж, өнгөрсөн оны “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл”-ээр шалгарсан. Түүнчлэн 2018 онд хэвлэгдсэн даруйдаа худалдаалагдаж дууссан юм.

Харин энэ удаад “Гол  тоглогч-2” номд Санжийн Баяр, Миеэгомбын Энхболд, Эрдэнийн Бат-Үүл, Бямбаагийн Нямтайшир, “MCS”-ийн Ж.Оджаргал зэрэг улс төр, нийгмийн гол зүтгэлтний талаар ёгт егөө хэлбэрээр өгүүлсэн юм.

Энэ номын талаар соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлзүй судлаач, доктор Т.Баасансүрэн “Би өмнө нь “Гол тоглогч” номын талаар шүүмж бичиж, залуу сэтгүүлчийн ганзагыг мялаан дөрөөнд нь сүү дусааж байсан. Энэ удаад Д.Дамдинжавын энэхүү номын гурав дахь цуврал нь гарсны дараа нэгтгээд дахин шүүмж бичнэ. Д.Дамдинжав нэг номоос дараагийн номдоо улам чанаржиж, өсч дэвжинэ гэдэгт итгэж байна” гэсэн бол соёлын гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн багш М.Зулькафил “Гол тоглогч - 1, 2” хөрөг, памфлетыг их сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнуудын хичээлийн хөтөлбөрт жишээ, судлагдахуун болгоно” гэв.

Үүнээс гадна Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга зохиолч, сэтгүүлч До.Цэнджав шавийнхаа талаар “Дамдинжавын памфлет хэлбэрийн бичлэг оюутан байх үеэс нь ажиглагддаг байсныг онцлон дурдаад, МЗЭ-ийн гишүүний үнэмлэхийг нь (2019 оны нэгдүгээр сард элссэн) гардуулж өглөө.

Сонирхуулахад, Д.Дамдинжавын “Дотоод тэнгэр” номын талаар хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэн агсан “Чинадын чинад бодохын цагт ухаан тэнд ургана гэж мэргэд айлддаг. Яруу найрагч Д.Дамдинжавын шинэ ном миний урд байна. Энэ бол шүлгийн ном. Ойрдоо би энэ номын шүлгүүд шиг шүлгүүдтэй нүд харгаж яваагүй санагдана. Их сонин агаад сайхан шүлгүүд байна” хэмээн хадаг үг бичиж байжээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Дотоод тэнгэр”-ээ дэлгэж, дараагийн “Гол тоглогч”-ийг танилцуулсан номын хурим  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй