
Уг ойн хүрээнд ГХЯ болон МҮОНРТ-ийн төлөөллөөс бүрдсэн баг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-17-нд Вьетнам Улсад ажилласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Дээрх төлөөлөгчид Вьетнамын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь, Элчин сайд Д.Билэгдорж, МВНН-ийн дэд тэргүүн Хоанг Туан Тхинь болон тус улсад суралцаж буй монгол оюутнуудаас ярилцлага авч, Үндэсний архивын газар, баримтат болон шинжлэх ухааны киноны студи, Д.Сүхбаатарын нэрэмжит Вьетнамын Ба Ви-ийн сүүний ферм, “Винфаст” автомашины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, баримтат киноны зураг авалт хийсэн юм.
Үүнээс гадна Вьетнам улсын сэтгүүлч, зураглаачдын баг монголчуудын нүүдлийн болон адууны соёл, мал аж ахуй, үндэсний онцлог, хэв шинж, уламжлалт ёс заншлын талаар баримтат нэвтрүүлэг хийхээр болсон. Тэгвэл тус баримтат нэвтрүүлгийн төслийн багийг өчигдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНТ-ийн захирал Ч.Батцэнгэл, МҮОНРТ-ийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр, МҮОНТ-ийн Түүх, уламжлал, өв соёлын нэвтрүүлгийн редакцын продюсер П.Ариунжаргал нар хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтын талаар МҮОНТ-ийн захирал Ч.Батцэнгэлээс тодруулахад, “Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ ойд зориулж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хоёр орны дипломат харилцааны түүхийг өгүүлэх баримтат кино үзэгчиддээ хүргэхээр ажиллаж байна. Уг баримтат бүтээлийн зураг авалт дууссан. Мөн Вьетнамын талаас VTC 16 телевизийн баг хамт олон Монголд баримтат нэвтрүүлгийн зураг авалт хийхээр ирсэн.
Дайны дараах Вьетнам улсын эдийн засаг болоод бусад салбар хүнд хэцүү цагт Монголын ард түмэн хэд хэдэн удаагийн хандив, тусламж хүргүүлж байсан. Үүний нэг том жишээ гэвэл Монгол Улсаас Вьетнамд жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит сүүний ферм байгуулж өгсөн байдаг. Мөн Вьетнамд баримтат киноны зураг авалт хийх явцад тус орны иргэд Монгол Улсаас үзүүлж байсан тусламж, дэмжлэгт өнөөг хүртэл талархдаг гэдгээ хэлж байсан. Харин энэ удаад Вьетнамын VTC 16 телевизийн уран бүтээлчдийн баг Монгол ахуй, соёлыг харуулсан баримтат бүтээл өөрийн орны үзэгчиддээ хүргэхээр ажиллана” гэсэн юм.
Вьетнамын уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1053 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.