
Тэгвэл энэ өдөр Монголын Үндэсний музей, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв хамтран тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол, Хятадын харилцаа болон Хятадын түүх соёлтой холбогдох үзмэрүүдээс бүрдсэн “Найрамдал, хамтын ажиллагаа - Соёлын дурсгалууд” хэмээх үзэсгэлэнг дэлгэхээр болжээ.
Монгол, БНХАУ-ын музейн салбарын хамтын ажиллагаа баялаг түүхэн замналтай аж. Тодруулбал, 1952 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны гурван жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн “Монгол-Хятадын найрамдлын 10 хоног” соёлын арга хэмжээний хүрээнд Хятадын ард түмний соёл уламжлал, тухайн цагийн хөгжлийн өнгө төрхийг олон салбараар харуулсан тусгай үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байжээ.
Улмаар уг үзэсгэлэнд дэлгэгдсэн үзмэрүүдийг БНХАУ-ын Элчин сайд Заяат БНМАУ-ын Засгийн газарт бэлэглэсэн нь зохих журмын дагуу музейнүүдэд хуваарилагдсаны гол цөм нь Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа юм байна.
“Найрамдал, хамтын ажиллагаа - Соёлын дурсгалууд” үзэсгэлэнгээр Үндэсний музейн сан хөмрөг дэх сонирхол татахуйц үзмэрүүдийг болон хоёр улсын удирдагчдын эхлүүлсэн найрамдал, хамтын ажиллагаа, хөгжлийн замын замнал үйл явцыг олон нийтэд дэлгэх аж.
Ташрамд дуулгахад, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойд зориулан Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Одон” телевизээс зохион байгуулсан “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 16-ны 21:10 цагт МҮОНТ-ээр үзэгчдэд хүрнэ.

“Найрамдал, хамтын ажиллагаа - Соёлын дурсгалууд” үзэсгэлэнг нөгөөдөр дэлгэнэ | ||
Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.