Шууд Chart

БНСУ-д айлчилсан Америкийн төлөөлөгч цөмийн яриа хэлэлцээг сэргээх санал тавьжээ

2019-12-17 15:26:34

Өмнөд Солонгост айлчилсан Америкийн төлөөлөгч цөмийн яриа хэлэлцээг сэргээх санал тавьжээ. Умард Солонгосын асуудал эрхэлсэн Америкийн тусгай төлөөлөгч Стефен Биегүн Өмнөд Солонгост айлчлах үеэрээ Умард Солонгосын удирдагчтай уулзах хүсэлт гаргаж, цөмийн яриа хэлэлцээг сэргээх санал тавьжээ.

Тэрбээр “Умард Солонгосын албаны хүмүүст шууд хэлэхэд, бид одоо ажлаа хийх цаг болсон” гээд “Бид та бүхэнтэй харилцаагаа таслахгүй” гэж амласан байна. Мөн “Хоёр улсын тэргүүний Сингапурт хийсэн уулзалтаас гарсан амлалтыг хэрэгжүүлэх зорилго АНУ-д байна. Гэхдээ бидэнд товлосон хугацаа байхгүй” гэж Умард Солонгосын асуудал эрхэлсэн Америкийн төлөөлөгч ярьжээ.

Зарим хэвлэлд албаны хүний хэлсэн энэ үгийг Пехнъянаас тавьсан хугацаатай холбон бичсэн байна. Умард Солонгос Вашингтонд хандан энэ оны сүүлч гэхэд хориг арга хэмжээгээ цуцалж, цөмийн яриа хэлэлцээг урагшлуулах эсэх шийдвэрээ гарга гэсэн юм.

Харин энэ оны сүүлч гэхэд тавьсан шаардлага нь биелэхгүй бол тив хоорондын баллистик пуужингаа ирэх оноос дахин туршиж эхэлж магадгүй гэж зарим ажиглагч болгоомжилж байна.

Тэгтэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умардын талын үйлдлийг ажиглаж байгаа гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Хэрэв Умардын тал буруу алхам хийвэл үүнд таатай хандахгүй. АНУ анхааралтай ажиглаж байгаа” гэж даваа гарагт хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Пехнъян пуужин харвах "Сохэ" төвөөсөө нэг пуужин харвасан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умардын талын энэ үйлдэлд хариу болгон ийм мэдэгдэл хийсэн байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

БНСУ-д айлчилсан Америкийн төлөөлөгч цөмийн яриа хэлэлцээг сэргээх санал тавьжээ  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй