
Гадны олон улс үндэстэн дэлхийн хамгийн түгээмэл хэл болох англи хэлээр эфирээ цацдаг олон улсын телевизийн сувагтай. Өндөр хөгжилтэй орнууд энэ төслөө өргөжүүлж олон хэлээр телевизийн эфирээ цацаж, өөрийн улсаа сурталчилдаг. Харин Монгол Улсын хувьд нэг жилийн өмнө энэ “гарц” хаалттай байлаа. Тэгвэл
.Олон нийтийн радио телевизийн тухай хуульд “Олон нийтийн радио, телевиз гадаадын сонсогч, үзэгчдэд зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээх” үүргийг заасан байдаг. Энэ чиг үүргээ МҮОНРТ 55 жилийн түүхтэй “Voice of Mongolia” олон хэлний радиогоор дамжуулан хэрэгжүүлж иржээ. Мөн хориод жилийн турш англи хэлээр “MM today” телевизийн мэдээллийн хөтөлбөр тогтмол явуулж ирсэн. Эдгээр туршлага дээрээ үндэслэн МҮОНРТ “MNB World” төслийг санаачилж эхлүүлсэн юм.
Олон улсын телевизийн суваг болох зорилготой “MNB World” суваг 2018 оны арванхоёрдугаар сард Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс 10 дахь жилдээ зохион байгуулсан “Grand awards-50” хүндэтгэлийн ёслолын үеэр Гран-при шагнал хүртсэн. Түүнчлэн “MNB World” суваг өнгөрсөн дөрөвдүгээр сард Хэвлэлийн хүрээлэнгээс НҮБХАС-гийн дэмжлэгтэй зохион байгуулсан "Жендэрийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлого"-ыг дэмжих уралдаант аяны “Шилдэг редакц”-аар шалгарсан. Тус уралдааныг зохион байгуулагчид “Шилдэг сэтгүүлч”-ийг тодруулсан бөгөөд “MNB World” сувгийн контент продюсер Т.Бэлгүтэй "Монгол дахь эмэгтэйчүүдийн эрх" (Her Rights in Mongolia) нэвтрүүлгээрээ дэд байрт шалгарсан юм.
Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж өнгөрсөн сард шилдгүүдээ тодруулсан “Эерэг өөрчлөлт – Залуучуудын оролцоо” сэдэвт телевизийн бүтээлийн уралдааны дэд байрын шагналыг “MNB World” сувгийн “Generation: Treat people how you want to be treated, and never lose hope” нэвтрүүлэг хүртсэн.
Цаашлаад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг, оны шилдгүүдийг шалгаруулах “Ган үзэг-2019” оны тэргүүн наадам энэ сарын эхээр болж, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар тус сувгийг шагнасан билээ.
Үүнээс гадна “MNB World” суваг 2018, 2019 оны Үндэсний их баяр наадмыг англи хэлээр синхрон орчуулгатай шууд дамжуулсан нь гадаадын үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан төдийгүй хилийн чанадад буй монгол иргэдийн талархлыг хүлээсэн, Монгол Улсын гадаад сурталчилгаанд чухал хувь нэмэр оруулсан контент болсон. Мөн энэ оны Үндэсний их баяр наадмаар гадаадын 40 гаруй оролцогчийн дунд эрийн гурван наадмын төрлөөр Бэсрэг наадам зохион байгуулсан. Монгол Улсад суугаа ЭСЯ, Олон улсын байгууллага, гадаадын экспатуудыг урьж, англи хэлээр ая дуугаа хүргэдэг монгол дуучдын “Modern Vibe” концертыг бичлэгээр дамжуулжээ.
Цаашлаад Үндэсний Архивын газар болон МҮОНРТ-ийн Алтан сан, фондод хадгалагдаж буй Монгол кино, Өв соёлын нэвтрүүлгүүдийг албан ёсны эрхтэйгээр англи хэлээр хөрвүүлж хадмал орчуулгатай үзэгчдэдээ хүргэн хөтөлбөрийнхөө 60 хувийг бүрдүүлсэн. Уг орчуулгын бүтээлүүдээс онцолбол, Монголын уран сайхны шилдэг 56 кино, олон ангит таван киноны 175 анги, баримтат кино 34, нийт 265 кино, Өв соёлын 82 нэвтрүүлэг, “Хүрээлэн” төслийн 55 цуврал, Шинжлэх ухаан танин мэдэхүйн 27 цуврал нэвтрүүлэг нийт 23000 минутын орчуулгын бүтээлийг үзэгч олондоо хүргэжээ. Энэ нь Монгол Улсыг сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй сэтгүүлзүйн салбарт хийгдэж байгаагүй чухал ажилд тооцогдож байна. “MNB World” суваг нь МҮОНТ-ийн сор бүтээлүүд болох “XX зууны монголчууд”, “Тусгаар тогтнолын товчоон” нэвтрүүлгийг орчуулан хүргэснээс гадна, “The History of Mongolia” түүхийн 15 цуврал нэвтрүүлгийг Монголын түүхчидтэй хамтран бэлтгэж хүргэсэн нь улсынхаа түүхийг сурталчлах өндөр ач холбогдолтой контент болсон юм.
Монгол Улсын түүх, ёс заншил, өв уламжлалыг гадаадын үзэгч сонсогчдод сурталчлан таниулахын зэрэгцээ хилийн чанадад амьдарч буй монголчууддаа улс орных нь тухай мэдээллийг хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилго бүхий үндэсний хэмжээний анхны англи хэлний суваг "MNB World" өнөөдөр нэг нас хүрч байна.
Happy birthday to “MNB World”.
Монголын анхны англи хэлний телевизийн суваг “MNB World” нэг “нас” хүрлээ | ||
Үзсэн: 2943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.