
АНУ-ын Ардчилсан нам Ерөнхийлөгч Дональд Трампыг Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хоёр зүйлээр буруутгаж, огцруулах асуудлыг дэмжсэн билээ. Тэгвэл Дональд Трампыг дахин нэг зүйлээр буруутгахаар зэхэж байгааг доод танхимын Хууль зүйн хорооноос Колумбын тойргийн давж заалдах шүүхэд даваа гарагт илгээсэн баримт баталж байна.
Энэ баримтаас харахад Дональд Трампыг эсэргүүцэгчид Цагаан ордны Хууль зүйн зөвлөх асан Дональд Макганы мэдүүлгийг сонсоод, Ерөнхийлөгчийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж болзошгүй шинэ нөхцөл байдлыг илрүүлсэн гэнэ. Тиймээс Макганы мэдүүлгээр шинэ баримт нотолгоо гарч ирж, Ерөнхийлөгч Дональд Трамп огцруулах үйлдэл хийсэн нь тогтоогдвол Ерөнхийлөгчид үл итгэл үзүүлэх шинэ зүйл заалт гаргаж ирнэ гэж Ардчилсан намынхан найдаж байна.
Төлөөлөгчдийн танхимаас Дональд Трампыг хоёр зүйл заалтаар буруутгаж, энэ асуудлыг Сенатад хэлэлцэхээр баталсан. Гэсэн ч Хууль зүйн хороон дахь Ардчилсан намынхан шүүхээр дамжуулан Макганыг мэдүүлэг өгүүлэхийг шаардаж байгаа юм. Хэрвээ Макган мэдүүлэг өгч, Дональд Трамп буруутай болохыг нь тогтоовол Төлөөлөгчдийн танхим дахин нэг зүйлээр Дональд Трампад импичмент зарлах гэж байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ардчилсан намынхныг Сенатад импичментийн үйл явцыг зориудаар удаашруулж байгааг дургүйцэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосиг тун удахгүй халагдана гээд “Галзуу Нэнси Сенатад хэлэлцэх үйл явцыг удаашруулах ямар эрхтэй юм бэ. Ямар ч эрхгүй. Тэд нотолгоо муутай байгаа болохоор сөрөг үр дүн гаргахгүйг хичээж байна. Шулмын ангуучлал Сенатын үйл явцаар дуусах ёстой” гэсэн утгатай жиргээг нийтэлжээ.
Сенат баярын амралттай байгаа тул 2020 оны нэгдүгээр сарын 6-нд л ажилдаа орно. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Дональд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр зүйлээр буруутгаж, огцруулах асуудлыг дэмжсэн билээ.
Дональд Трампыг Ерөнхийлөгчийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж болзошгүй шинэ нөхцөл байдал илрүүлжээ | ||
Үзсэн: 674 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.