
Хэнтий аймгийн Норовлин сум нийслэл Улаанбаатар хотоос 300 гаруй км зайд оршдог. Тус сумын Баян-Өлзийт багийн Засаг даргыг Ю.Түвшинжаргал гэдэг. Тэрбээр 1986 онд төрсөн бөгөөд 2015 онд гэр бүл зохиож, өдгөө хань, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ю.Түвшинжаргал төрсөн нутагтаа бүтээн байгуулалт босгох зорилгоор 2016 онд Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж, өөрийн өссөн Баян-Өлзийт багаас хамгийн өндөр санал авчээ. Багийн иргэдийн түүнд өгсөн санал, хийж бүтээх том хөшүүрэг болсон тул багийн даргын сонгуульд дахин өрсөлдөж, Баян-Өлзийт багийн Засаг даргаар сонгогджээ. Ю.Түвшинжаргал хэдий орон нутагт амьдардаг ч гэсэн үр хүүхдээ өөрийн бага балчир үеийнхээс илүү хөгжсөн дэд бүтэцтэй суурин газарт өсгөх хүсэлтэй нь түүний ярианаас мэдрэгдэж байв.
Өнгөрсөн хугацаанд Норовлин сумын Баян-Өлзийтөөс бусад бүх багийн төв төсвийн тендерээр шинэчлэгдэн баригджээ. Багийн дарга л болсон хойно Ю.Түвшинжаргал ч багийн төвөө шинэчлэх битүүхэн хүсэлтэй байж. Учир нь тэдний багийн хуучин төв нэгдлийн үед буюу олон жилийн өмнө баригдсан. Хоёрдугаарт, ойр хавьд нь нурсан барилга, балгас их байдаг. Гуравдугаарт, багийнхаа нутаг дэвсгэрийн захад байрладаг аж. Ийн Ю.Түвшинжаргал дарга бусад багийн шинэ төвийг сонжиход санаанд нь нэг л хүрээгүй аж. Ийн сумандаа багийн шинэ төв барихдаа жишиг төвтэй болох зорилго тавьжээ. Тэгээд багийнхаа олон нийтийн хуралд өөрийн саналаа танилцуулж, санал асуулга явуулахад иргэд ч зөвшөөрсөн байна.
Дараагаар нь Ю.Түвшинжаргал дарга сум, аймгийнхаа удирдлагад хүсэлт хүргүүлж, хөрөнгө мөнгөний асуудлаа шийдүүлэхээр хөөцөлдөж, ямартай ч улсын төсөвт оруулж чаджээ. Гэвч төсвөөс олгох хөрөнгө оруулалтыг хүлээхээр багийн шинэ төвөө тухайн онд амжиж барьж чадахгүйд хүрчээ. Баян-Өлзийт багийн Засаг дарга “ямааны мах халуун дээрээ” үгийг санаж, багийн шинэ төвтэй болох иргэдийн хүсэл “хөрөхөөс” өмнө ажлаа эхлэхээр болжээ. Ингэхдээ өөрсдийн гадаад болон дотоод нөөц бололцоогоо ашиглаж, хөрөнгө мөнгө шийдүүлэх, хандив босгох зорилгоор уул уурхайн компаниудаас ашиглалт, хайгуулын хураамж татах сан бүхий Хариуцлагатай уул уурхайн олон талт зөвлөл байгуулав.
Мөн тус сангаас мөнгө орж ирэхийг хүлээж, зүгээр суулгүй аавынхаа үлдээсэн хэдэн малыг “хөдөлгөөд” буюу өөрийн хөрөнгөөр багийн шинэ төв барих барилгын материалаа Улаанбаатар хотоос татжээ. Бас болоогүй өөрийн монгол гэрийг барилгын талбайд барьж, нэг тогооч, нэг мужаан, хоёр туслах ажилтантай тавуулаа барилгын ажлаа эхлүүлсэн байна. Ингэхдээ нөгөө дөрвөн хүндээ тодорхой хэмжээний урамшуулал олгохоор тохиролцжээ. Багийн шинэ төвөө хурдан баръя гэвэл олуулаа ажиллах ёстой. Тиймээс багийнхаа иргэдэд барилгын ажлаа эхэлснээ дуулгаад, боломжоороо оролцохыг уриалсан. Тухайлбал, бүх хүн нэгэн зэрэг өдөр бүр ирж ажиллах шаардлагагүй. Нэг айлаас нэг хүн ганц өдөр ирж туслахад болно гэжээ. Ийн ирж барилгын ажилд тусалсан хүмүүсийн нүдэн дээр том бүтээн байгуулалт өрнөж байсан буй учир тэд орхиод явж чадахгүй байсан гэнэ. Ойр хавийн хүмүүс ирж туслачхаад буцсан ч, хонио эргүүлчхээд ирж ажиллаж байсан гэдгийг Ю.Түвшинжаргал дарга дурдав.
Ю.Түвшинжаргал залуу хүн ч гэлээ өнгөнд хуурталгүй чанарыг чухалчилдаг. Тэрбээр багийн шинэ төвийн хашааг хатгахдаа төмөр хашаа босгожээ. Бусад багийн төвийн адил модон хашаа хийж болох байсан ч 2-3 жил болоод эвдэрнэ, муудна гэдгийг тооцоолжээ. Харин төмөр хашаа үнэ өртөг өндөр, суурилуулахад ажил ихтэй ч урт “нас”-тай. Баян-Өлзийт багийнхан багийн шинэ жишиг төвөө 27 сая төгрөгөөр босгожээ. Мөн ойр хавийн тохижилт болоод бусад зүйлд сэтгэлээсээ хандсан байна. Тухайлбал, сагсан бөмбөгийн найман см зузаан бетон цутгамалтай талбай, хог шатаах зуух зэргийг барьжээ. Энэ талаараа багийн дарга “Дээрх бүтээн байгуулалт манай багийн иргэдийн 100 хувийн оролцоогоор боссон. Барилгын ажилд ирж оролцох боломжгүй иргэд ажиллаж буй хүмүүсийн хоол хүнсийг гаргах, өөрсдийн багаж хэрэгсэл, техникээ ашиглуулах зэрэг байдлаар оролцсон” гэж байлаа.
Мөн “Монголд ямар нэг бүтээн байгуулалт заавал тендер дамждаг. Гэтэл тендерийн үйл ажиллагаа ямар ч хяналтгүй явдаг. Танил тал, мөнгө хардаг зэрэг таагүй зүйлс бий. Цаашлаад гүйцэтгэж буй компаниуд босгосон, хийсэн болоод хүлээлгэж өгчхөөд алга болдог. Харин бид улсын ажилд, бүтээн байгуулалтад сэтгэл гаргаж болдог, ингэснээрээ ямар сайн үр дүнд хүрч болдгийг харуулж, үлгэрлэхийг хүссэн” гэсэн юм.
Мөн түүнийг ашиг хайж, танил талаараа дамжуулан төсвийн мөнгөнөөс идсэн гэх хардлага мэр сэр гарчээ. Гэвч хардаж сэрдэгчид тус багийн шинэ төвийг харсан даруйдаа гайхсан гэнэ. Ю.Түвшинжаргал дарга энэ тухайд “Хардлага сэрдлэг далд зүйлээс бий болдог. Би тайлангаа багийн болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулна. Нуусан хаасан, худал тайлагнасан зүйл байхгүй бүгд үнэн зөвөөр байгаа учир хий хоосон хардлага бүр мөсөн арилах байх. Иргэд төр захиргаандаа итгэх итгэл байхгүй болжээ. Тиймээс иргэдийн сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй. Үүнийг өөрчлөх, цаашлаад хөгжих хамгийн үр дүнтэй арга нь иргэдийн оролцоо. Ингэхдээ олон нийт өөрсдөө шийдвэрээ гаргаж, оролцож байж үр шимийг нь хүртэнэ гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй” гэсээр сэтгэл хангалуун багийнхаа шинэ жишиг төвийг ширтэв.
Хэнтий аймгийн Норовлин сумынхан энэ жил “Иргэдийн оролцоотой сумын хөгжлийн төлөвлөгөө”-гөө боловсруулсан. Иргэдийн оролцоо гэдэг нь иргэдийг төрийн бодлого шийдвэрт шууд оролцуулах арга, улс төрийн соёлын нэг гол үзүүлэлт бөгөөд ардчиллын агуулга, хөгжлийн түвшинг илтгэж байдаг ухагдахуун юм. Ингэснээр Төр, түүнийг төлөөлсөн байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа иргэдийн саналыг авч, харилцан зөвшилцсөнөөр тухайн шийдвэр хэрэгжих үндсэн нөхцөл бүрддэг. Нөгөө талаас иргэд төрийн үйл хэрэгт оролцсоноор Төр өндөр өртөгтэй, үр өгөөж муутай бүтээн байгуулалт, шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлдэг гэдгийг Баян-Өлзийт багийн Засаг даргын санаачилга, ажил хэргээс харж болохоор байна.
Багийн дарга | ||
Үзсэн: 832 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.