
Малайзын MH-17 нисэх онгоцыг осолдуулсан гэх хэргийн сонсгол хурал өнөөдөр эхэлж байна. 298 зорчигчтой Малайзын MH-17 онгоцыг осолдуулсан гэж Нидерландын прокурорууд Украины салан тусгаарлагч нэг иргэн, Оросын гурван иргэнийг буруутган өнөөдөр буюу даваа гарагаас Амстердам хотод сонсгол хурал эхлэх гэж байна. Хоёр долоо хоногийн хугацаанд сонгол хурлыг төлөвлөөд байна.
Гэхдээ одоогоор Оросын талаас эдгээр хүмүүсийг шилжүүлж өгөхөөс татгалзаж байна. Хохирогчдын ар гэрийнхний оролцох энэ хуралд сэжигтнүүд цахим сүлжээгээр шүүх хуралд оролцох боломжтой гэж хэвлэлүүд мэдээлж байна. Ням гарагт Гааг дахь Оросын Элчин сайдын яамны гадаа MH-17 онгоцны хохирогчдын ар гэрийнхэн жагсаж, Оросын талаас тайлбар хүсч байгаагаа илэрхийлжээ.
2014 оны долоодугаар сарын 17-нд Амстердам хотоос Куала Лампур хот руу гарсан уг онгоц радараас алга болсноос хойш сураггүй болсон гэж байсан юм. Улмаар Нидерландын мөрдөгчдийн удирдсан олон улсын хамтарсан мөрдлөг шалгалт үргэлжилж, Оросын иргэн Сергей Дубинский, Олег Пулатов, Игорь Гиркин, Украины иргэн Леонид Харченко нарыг энэ хэрэгт буруутгасан.
Тодруулбал, зүүн Украинд болж байсан бослого үймээнээр Оросын талыг дэмжигч салан тусгаарлагчдын харвасан пуужин онгоцыг онож осолдоход хүргэсэн гэж байгаа юм. Дээр дурдсан дөрвөн хүн Бук хэмээх пуужингийн системийг Оросын Курск хотод байдаг Оросын цэргийн бригадаас авчрахад голлон оролцсон гэж мөрдөгчид тайлбарлаж байгаа юм.
Хэрэв буруутай нь тогтоогдвол тэд онгоцыг осолдоход хүргэж, 298 хүний аминд хүрсэн гэж таван жилээс насаараа шоронд хоригдох хүртэл ял эдэлнэ гэж прокурорууд хэлж байна.
Малайзын MH-17 нисэх онгоцыг осолдуулсан хэргийн сонсгол хурал эхэллээ | ||
Үзсэн: 903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.