Шууд Chart

Дональд Трамп одоо ч шинжилгээ өгөх бодолгүй байна

2020-03-14 17:27:56

Шинэ төрлийн коронавирусний халдвар барууны өндөр хөгжилтэй улсуудад эрчимтэй тархаж, нэр нөлөө бүхий алдартнууд, өндөр албаны хүмүүс халдвар авсан тухай хэвлэлүүд мэдээлсээр байна. Лхагва гарагт Холливудын од Том Хэнкс гэрийн хамт, Италийн хөлбөмбөгийн "Ювентус" клубын тамирчин Даниеле Ругани, Америкийн сагсан бөмбөгийн сагсан бөмбөгчин Руди Гобер нар халдвартай гэж байсан бол, шинэ мэдээллүүдээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп халдвартай хүнтэй уулзаж, хамт зоог барьсан гэсэн мэдээ байна.

Мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трудогийн эхнэр шинэ коронавирусний шинжилгээгээр эерэг гарсан тухай Ерөнхий сайдын албанаас мэдээлсэн байна. Спортын ертөнцөд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн "Юта Жазз" багийн тамирчин Донован Вернеллийн шинжилгээний хариу халдвартай гэж гарсан бол, Үндэсний сагсан бөмбөгийн тайлбарлагч Чарльз Баркли Нью-Йорк хотод очоод ирснийхээ дараа эмчийн зөвлөгөөгөөр шинжилгээ өгөхөд өвчтэй нь батлагдсан гэж мэдэгдсэн байна. Англид хөлбөмбөгийн "Арсенал" клубын менежер Майлкл Артета халдвар авч, "Пример Лиг" Лондон дахь бэлтгэлийн төвөө хаажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тухайд өнгөрөгч амралтын өдөр Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонаруг хүлээн авч уулзаж, хамт зоог барьсан байна. Энэ үеэр Болсонарутай хамт явсан хэвлэлийн төлөөлөгч нь шинэ коронавирусний халдвартай байсан нь пүрэв гарагт тогтоогджээ. Шинжилгээний дараа Бразилын Ерөнхийлөгч эрүүл мэндийн хяналтад байгаа бол, Дональд Трамп одоо ч шинжилгээ өгөх бодолгүй байгаа тухай "Цагаан ордон" мэдэгдсэн байна. Ингэхдээ уулзалтын үеэр хамт байсан дэд ерөнхийлөгч Майк Пенс, Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрын хэн хэн нь халдвартай нь тогтоогдсон тэр хүнтэй ойрхон байж, биеэрээ хүрээгүй гэсэн байна.

Харин Фабио Вайнгартен гэдэг тэр хүн АНУ-ын хоёр Ерөнхийлөгчтэй зэрэгцэж зогсоод гэрэл зураг авахуулсан байгааг хэвлэлүүд онцолж байна. Мөн Дональд Трамп өөрөө энэ хүнтэй ойрхон байсандаа үнэхээр санаа зовниж байна гэж дотны хүмүүстээ ярьсан тухай эх сурвалж мэдээлжээ.

Мөн Бразилын Ерөнхийлөгчийг хүлээж авч уулзах үеэр болсон хуралд оролцсоныхоо дараа Цагаан ордны асуудал эрхэлсэн дарга Марк Медовс өөрийгөө карентилсан байна. Учир нь тэр уулзалтад оролцоод халдвартай гэдэг нь тогтоогдсон нэг хүнтэй тэрбээр ойр харилцаж байсан гэж тайлбарлажээ.

Нөхцөл байдлаас шалтгаалан Флорида дахь Волт дисней Ворлд, Юниверсал Орландо, Парис дахь Диснейланд зэрэг зугаа цэнгэлийн цогцолборууд энэ ням гарагаас эхлэн сарын сүүлч хүртэл хаалгаа барина.

Харин Канадын Ерөнхий сайдын эхнэрийн тухайд биеийн байдал сайн, хөнгөн зэргийн шинж тэмдэгтэй, тусгаарлалтад байх талаар албаны мэдэгдэлд өгүүлсэн байна. Одоогоор Засгийн газрын тэргүүн Жастин Трудод өвчний шинж тэмдэг илрээгүй учир шинжилгээ хийлгээгүй. Гэхдээ мөн л 14 хоног хорионд байх юм байна. Тэрбээр албан үүргээ хэвийн үргэлжлүүлнэ гэжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп одоо ч шинжилгээ өгөх бодолгүй байна   
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй