
Шинэ коронавирусний халдварын талаар анх мэдээлсэн хятад эмчид хариуцлага хүлээлгэсэн нь буруу шийдвэр байсан гэж Хятадын мөрдөн шалгах албаны мэдэгдэл гарчээ. Мэдэгдэлд "Ли Венлиан гэдэг тэр эмчид хариуцлага хүлээлгэж, донгодсон бичиг гаргасан нь тохиромжгүй, буруу шийдвэр байсан. Мөн ийм шийдвэр гаргахдаа албаныхан хууль сахиулах, холбогдох журмыг мөрдөж чадаагүй" гэсэн байна. Тэрчлэн орон нутгийн цагдаа нар нас барсан тэр эмчийг донгодсон бичгээ цуцалж, буруутай хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй гэжээ.
Энэ мэдэгдлийн дараа Ухань хотын цагдаагийн газар уг албан бичгээ цуцалж, Ли эмч болон гэр бүлийнхнээс нь уучлал хүссэн. Мөн түүнийг буруутгахад оролцсон хоёр цагдаад хариуцлага тооцсон гэж Хятадын хэвлэлд бичсэн байна. Гэхдээ тэр хоёр цагдаа чухам ямар алдаа гаргасан нь тодорхойгүй байна.
Үүнээс гадна “Хятадын коммунист намыг муучлах зорилгоор гадны дайсагнасан хүчнүүд Ли эмчийг Хятадын Засгийн газрын эсэргүүцэн тэмцэгч гэж тодорхойлсон. Энэ бол үнэнээс зөрсөн мэдээлэл юм. Ли бол Коммунист намын гишүүн байсан, эсэргүүцэгч биш” гэж уг мөрдлөгийн баг Хятадын төрийн хэвлэлд өгүүлсэн байна.
Шинэ коронавирусний халдварын талаар Ухань хотын төвийн эмнэлэгт нүдний эмч Ли Венлиан гэдэг эмч анх “САРС-ын халдвартай 7 өвчтөн батлагдлаа” гэж мэдээлсэн ч, хотын удирдлагууд түүнийг хуурамч мэдээлэл тараасан гэж буруутгаж, хариуцлага тооцсон гэдэг.
Сүүлд коронавирусийг эмчлэх багт орж ажиллаж байсан тэрээр халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаад өнгөрөгч хоёрдугаар сарын 7-нд нас барсан. Нас барсан талаар нь Хятадын Засгийн газар нэг өдрийн дараа мэдээлсэн гэсэн маргаан ч гарсан юм. Ингээд хоёрдугаар сарын 7-ны өдөр БНХАУ-ын Засгийн газраас Уханьд халдвар тархсан нөхцөл байдлыг шалгах мөрдлөгийн баг илгээсэн юм.
Ли эмч бусад эмч мэргэжилтнүүдээ энэ халдвараас сэргийлэх талаар анхааруулж мэдээлж байсан найман эмчийн нэг гэдгийг Хятадын хэвлэлд тэмдэглэсэн байна.
Шинэ коронавирусний халдварын талаар анх мэдээлсэн эмчид хариуцлага хүлээлгэсэн нь буруу шийдвэр байсан гэв | ||
Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.