
-Бүсгүй, танд мөнгө хэрэгтэй юу? гэж нэг хүн хажуунаас шивнэлээ. Би золтой дуу алдсангүй. Хаанаас хэдэн төгрөг зээлж дараа сарынхаа цалинтай залгадаг билээ гэж бодож явсан би вээр “Чихэнд минь хий юм сонсогдож нөгөөх солио өвчин гээч нь тусч байна уу даа” гэж бодож амжив.
Гэтэл өмнө минь дунд зэргийн нуруутай зузаан бор залуу хөндөлсөж
-Та харваас төсвийн байгууллагад ажилладаг хүн байна. Би мөнгө өгье. Хэдийг авах вэ гэдэг байгаа. Согтуу галзуу хүн үү, бодлыг минь тааж бас төсвийн байгууллагад ажилладгийг маань мэдэж байхыг бодоход мэргэн түргэн хүн юмсан уу гэж бодоотохов. Мөнөөх залуу их л шамдангуй
-Нэрэлхээд нэрээ, хариад гэрээ идэх биш. Хичнээн бор юм хэрэгтэй юм, ногооноор ч өгч болно шүү дээ гээд давсгаа даруулж бүслэсэн түнтгэр бор бүсээ тэмтэчлээ. Би айх гайхах зэрэгцэн
- Та юу яриад байна аа гээд дөлсхийвэл
- Би хорхойд хоргүй амьтан. Харин чи надад тус болж үз. Хоёул нэг тийшээ гээд ийш тийшээ харснаа орцонд орох уу? Хүн амьтны нүдэн дээр эвгүй юм аа даа. Ямар удах ч биш дээ гээд юу юугүй гар дээрээс бариад авлаа.
- Хүүе ээ, ямар балай амьтан бэ чи чинь. Би хашгирлаа шүү, гэгээн цагаан өдөр гэж ээрүүтвэл
- Чи дуугай бай л даа. Хашгираад байх даа яадгийм... Яасан муухай юм боддог хүүхэн бэ чи чинь. Би чамайг яах гэсийм. Харин чи намайг... Намайг ганцхан сайн л цохиод өгчих. Чи миний нүүр рүү гээд дух руугаа чичин энэ рүү энэ рүү л нэг сайн цохчих. Гараа зангидаж байгаад ингээд гээд үзүүлж байна. Тэгснээ харин чи хамаагүй юу яаж болохгүй шүү. Болж өгвөл яг хоёр нүдний хооронд жаахан дээхнэ гээд гайхаж хоцорсон намайг тогтоон хараад
- Уг нь муу авгай маань байсан бол ч гуйсан, гуйгаагүй дэлсчихсэн л дээ гээд санааширч байна.
- Хүүе яана аа. Зүгээр байгаа хүний улаан нүүр рүү цохиод байхдаа яахав дээ... Би чамд тэгж мангартмаар амьтан харагдаад байна уу. Ер нь тэгж цохиулдаг нь ямар учиртай юм гэвэл
- Ганц дэлсчихээд хэдэн төгрөг хармаалаад арилж өгөхгүй яасан илүү зантай амьтан бэ чи. Би ямар чамайг зодох гэж байгаа биш, чи намайг зодно гэдгийг ойлгож байна уу. Шанд нь чамд бас мөнгө өгөх гээд байна. Би бүр гайхаж хоцров.
Мөнөөх залуу намайг маанаг тэнэг гэж дотроо харааж буй болтой хялайн харж зогссоноо
- Би маргааш гадаад явах юм аа. Хүний нутагт очих нь.
Манайхан чинь гаднын улс оронд нэр нүүрээ барчихсан улс байна. Юу ярьж байна гээч. “Жинхэнэ монгол хүнтэй л наймаа өр зээл яримаар байна. Тэр нь ховор, хондлой дээрээ хөх мэнгэтэй байдаг гэсэн” гэцгээгээд.
Би түрүүний явалтан дээрээ хонгон дээрх толбоо үзүүлж байж арай гэж үнэмшүүлсэн. Аминдаа би чинь ард олондоо тус дэм, амьдралдаа нэмэр болох л гэж хойш урагш холхиж явдаг хүн. Одоо дахиад л хүний өмнө өмдөө шувтлах болох нь. Энэ удаагийн очилтоор “Жинхэнэ монгол хүний хөх толбо нүүрэн дээрээ байдаг болсоон. Тийм зарлиг шийд гараад өгзөгөн дээрх толбоо нүүрэн талдаа нүүлгэн шилжүүлэх ажлыг орон даяар өрнүүлж байна” гэж хэлэхгүй юу гэж байна. Миний инээд хүрсэн боловч инээх биш ярвайсхийв. Гэтэл мөнөөх эр:
- Намайг хөхрүүлээд өгөх найз нөхөдгүй юм гэж бодно уу чи. Тэд нар чинь яг намайг цохидгийн даваан дээр надаас өр авлагатайгаа бодоод ч юм уу, аль эсвэл авгай энэ тэрийг нь эргүүлж байсныг нь санаад ч юм уу хамаг хүчээрээ дэлсчихнэ шүү дээ. Боловсон хөхрүүлэх гэж ядаж явахад энэ муу хоёр онигороо таглуулчихвал хэцүүдэнэ биз дээ. Таньж мэдэхгүй та мэтийн хүнд бол ямар юмны өс хонзон байхав. Тэр тусмаа эмэгтэй хүн гар хүрвэл арай соёлтой хөхрүүлээд өгнө гэж бодсон юм л даа гэснээ цагаа харж
- За хурдал л даа. Яаж ийж байгаад цохиод өгөөч дээ гэж байна. Гэм зэмгүй, хамаг үнэнээ яриад зогсож байгаа, тэгээд бүр мөнгө өгье гэж гуйгаад байгаа хүний улаан нүүр рүү цохиод авна гэдэг тийм амар биш юм аа. Тус болчих юмсан даа” гэж бодож зогстол
- Хүүш хурдлаач дээ гэж байна.
- Зүв зүгээр байж цохиод авч болохгүй байна шүү дээ гээд инээвэл
- Өө чи инээж байж яаж хүн зодох юм бэ. Уурлаач дээ. Уурлачих л даа...
- Уур хүрэхгүй байхад яаж уурлах юм бэ. Харин ч инээд хүрээд байна.
- Уурлаж ядах юу байхав дээ.:... Нөхөр чинь архи уудаг л биз дээ. Тэгээд оройхон согтуу орж ирж байна гэж бодоод л ... Би тэсгэлгүй инээд алдав.
- Оройхон байдаг нь ч юув дээ. Манай өвгөн чинь өдөржин гэртээ байдаг хүн. Ажилгүй. Би ядаж өдөрт нэг удаа гэрээс гараач дээ гэж гуйдаг, ажилгүйгээсээ ичээд гардаггүй юм л даа. Миний гарыг хардаг хүн гээд инээвэл,
Залуу ихэд бухимдаж буй болтой нүүрээ гараараа шувтрангаа цаг руугаа хяламхийгээд
- Чи ямар хайшаа хүүхэн бэ? Монголд чи ганцаараа үлдсэн уургүй хүн үү. Тэгвэл инээж байгаад цохиод өгөөч дээ. Ингээд...Яг ингэж зай авч байгаад ингээд гээд дух руу чиглүүлтэл гэнэт падхийх чимээ гарч мөнөөх залуу нүүрээ даран суун туслаа.
Хаанаас гараад ирснийг бүү мэд, хоёр шавилхан банди дэргэд ирчихсэн нэг нь шүлсээ ширхийлгэн хаянгаа
- Ах хүү уусан идсэнээ шингээж чадахгүй авгайгаа оролдоод байвал энэ байтугай юм болно гэж мэдээрэй гэчихээд хээв нэг холдож одов.
Би нөгөө муу үйлт залууг өндийлгөж
- Яав аа? зүгээр үү? гэвэл
- Зүгээр үү байх даа яадгийм. Ёо ёо. Ямар хатуу гартай бацаан бэ. Аль түрүүнээс хойш цохиод өгөөч гээд байхад
Зовхи унжаад ирэх чинь. Арай хэтрүүлчихэж үү.. гээд над руу харав. Яг өөрийнх нь хүссэнээр нүднийх нь хооронд хөөрхөн хөх толбо үүсч томбойсон харагдана. Би өөрийн эрхгүй гараараа амаа дарж хи хи хи хэмээн инээвэл,
- Чи ямар санаа амар ангар ангар гэсэн амьтан бэ? Ёо, ёо. За ямар ч гэсэн цохиулчихлаа. Алив толио өгөөдөх дөө гэж билээ.
Энэ явдлаас хойш нэг их удсангүй нүүр нүд нь хөх эрээн болсон хүмүүс олширлоо. Эр, эмгүй шүү. Нөхрөөсөө жавтий хүртсэн хүүхэн юмсан уу, архи булаалдаж зодолдсон эрчүүд юмсан уу, хөх толботой жинхэнэ монгол хүн болох гэж үнэ өртөгтэй хөхрүүлсэн юмсан уу бүү мэд.
Аль нь ч ялгагдахгүй болж харин эргээд жинхэнэ Монголыг нь мэдэх гэж харийнхан өмдийг нь шувтлах нь дээ. “Жинхэнэ” монгол оо гэж...
"Хөх Монголын хөх толбот" | ||
Үзсэн: 1453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.