Шууд Chart

Ухань хотоос зорчигч тээврийн 276 галт тэрэг хөдлөх гэж байна

2020-04-08 16:42:30

БНХАУ-ын Ухань хотоос лхагва гарагт зорчигч тээврийн 276 галт тэрэг хөдлөх гэж байна. Энэ өдөр хотын иргэд болоод хөл хорионы хугацаанд энэ хотод байсан 55 мянган хүн Уханиас гарна. Хятадын засаг захиргаа Ухань хотын тээврийн харилцааг бүрэн сэргээж, иргэдийг хотоос гарахыг зөвшөөрлөө. Хубэй мужийн засаг захиргааны төв, коронавирусний халдварын голомт болсон энэ газар 76 өдрийн турш хөл хорионд байсан юм.

Тээврийн харилцаагаа сэргээсэн эхний өдрийн Гуандун муж руу явах галт тэрэгний тасалбарын ихэнх нь зарагдаж дуусчээ. Лхагва гарагаас эхлэн энэ хотын агаар, ус, төмөр зам, мөн авто замын тээврийн үйл ажиллагаа бүрэн сэргэж байгаа юм. Гэхдээ Ухань хоттой хийх олон улсын нислэг, мөн Бээжин рүү хийх шууд нислэгийг хараахан сэргээх болоогүй гэж мэдээлж байна.

Ухань хот урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлсэн хэвээр байна. Кино театр, номын дэлгүүр, баар, спорт заал, түүнчлэн хөгжөөн цэнгээх газрууд ажиллахгүй. Кафе, ресторанууд хоолоо зөвхөн хүргэлтээр түгээсэн хэвээр байна. Хотын иргэдийг олон нийтийн газраар явахдаа амны заалт заавал зүүх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардаж байна. Гэхдээ хотын захиргаанаас нөхцөл байдал сайжрахын хэрээр хязгаарлалтуудаа багасгана гэж мэдэгдэж байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн мэдээллээс үзэхэд, Ухань хотод 12 дугаар сараас хойш коронавирусний халдварын 50 мянга гаруй тохиолдол гарснаас 49.6 мянга нь эдгэрч, 2600 орчим хүн нас баржээ. Одоогийн байдлаар энд 515 хүн эмчлүүлж байгаагаас 181-ийнх нь биеийн байдал хүнд байна.

Дэлхий нийтэд цар тахал болтлоо өргөжсөн "COVID-19"-ийн өвчлөл анх 12 дугаар сард энэ хотоос эхэлсэн юм. Энэ өвчин хэдхэн долоо хоногийн дотор үндэсний хэмжээний халдварт өвчин болон тархаж, Хятадын засаг захиргаа нэгдүгээр сарын 23-наас энэ хотод хөл хорио тогтоосон. Тэр цагаас хойш 11 сая хүн амтай Ухань хот бусад газраас тусгаарлагдсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Ухань хотоос зорчигч тээврийн 276 галт тэрэг хөдлөх гэж байна  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй