
Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 5. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 6. Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Ханш нээх улирал 4 цаг 55 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Завгүй өдөр. Ажил хэргээ төлөвлөхөд тааламжтай үе. Шинэ санаа нь хуралдсан асуудлуудыг шийдэж өгнө. Танд байр, ажлаа солих боломж гарна. Амралтын өдөр гэдгийг үл анхаарч, шинэ ажил, бүтээлч санаагаа хэрэгжүүл.
Үхрийн орд (4/20-5/20): Энэ өдөр таны хувьд ачаалалтай өнгөрөх өдөр. Ойрын хугацаанд албан тушаал нийгмийн байр суурьд өөрчлөлт гарч магадгүй. Эрүүл мэнддээ анхаар. Гол төлөв мөнгөтэй холбоотой асуудал таны сэтгэлийг зовооно.
Ихрийн орд (5/21-6/21): Өмнөх өдрийн сөрөг хандлага ажиглагдана. Сэтгэл хөдлөлөө хянаж тайван байдлаа хадгал. Биеийн хүчний хөнгөн ажил усан эмчилгээ хийхийг зөвлөе. Настай хүмүүс ч боломжоороо биеийн хүчний ажил биеийн тамирын дасгал хийхэд гэмгүй. Энэ нь таны биеийг хөнгөрүүлж хүнд таагүй бодлуудаас ангижрахад туслана.
Мэлхийн орд (6/22-7/22): Шаргуу ажиллах өдөр. Өчигдөр хийсэн ажлуудынхаа явцад та сэтгэл дундуур байж болох ч асуудалд бодитоор хандсанаар үүнийгээ өөрчилж болно. Хамгийн чухал хүмүүс тань танд тусалж, дэмжих болно. Хэдийгээр та ажлыг бие даан хийх дуртай ч, одоо бусдын тусламжийг авсан нь дээр гэж зөвлөж байна.
Арслангийн орд (7/23-8/22): Шинэ чухал ажил хэрэг мэдээллээ ашиглах өдөр. Өнөөдөр танд шинэ ажил хэрэг санал болговол зөвшөөр. Амжилт цэцэглэлтэнд хүрэхийг од эрхэс зөвлөж байна. Бусадтай харьцахад танд төвөгтэй мэт санагдана. Гэхдээ тийм ч таагүй өдөр биш байна. Гай зовлон танаас холуур өнгөрөх нь.
Охины орд (8/23-9/22):Сэтгэл тайван сайхан өдөр. Томоохон эд хөрөнгө худалдан авахад ээлтэй өдөр. Эргэн тойронд бүх юм тайван амгалан байна. Гэр бүлд шинэ хүн мэндлэх болон хамаатан садантайгаа сайхан харилцаа үүсгэх зэрэг сайхан зүйлсээр дүүрэн байна. Оройг аль болох гэртээ өнгөрөөхийг хичээ. Учир нь гэмтэж бэртэх магадлал маш өндөр байна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Захиргаадуулсан өдөр. Олон саад бэрхшээлүүд танд тулгарахыг од гарагс сануулж байна. Өнөөдөр та бусдын хүсэх хүсэлт болон хэлж захих зүйлийг нь сайтар сонсоорой. Өөрийнхөө хийж чадах зүйлийг ол. Өөрийн дотоод ертөнцтэйгөө харьцаж санаа бодлоо цэгцлэх цөөн хэдэн цагийг өөртөө зарцуулаарай. Амралтын өдрөөрөө зураг зурах, ном унших болон өөрийнхөө дуртай киног үзэх зэрэг зүйлүүдийг хийх нь танд сайхан амралтыг бий болгох болно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Эерэг өдөр. Амьдралын эрч хүч, аура буюу гэрлэн бүрхүүл, бүтээлч чадвар өсөн нэмэгдэх төлөвтэй. Тиймээс өнөөдөр та өөрийн авъяас чадварыг бүрэн утгаар нь илтгэн харуулах эсвэл санасан бодсоноо төгс гүйцэлдүүлэх боломжтой байна. Шинэ ажил эхлэхээр төлөвлөхөд тохиромжтой. Энэ бүхнээс үүдээд таны санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна.
Нумын орд (11/22-12/21): Амрах шинэ эрч хүч олж авах өдөр. Сүм хийдэд очих цаг зав гарга. Өөртөө шүүмжлэлтэй ханд, гэмээ хүлээхэд сайн. Ганцаараа байж цаашид юу болохыг хүлээ. Гэр бүлээ ч амгалан тайван байлгах тал дээр анхаар.
Матрын орд (12/22-1/19): Зөрчилтэй хоёрдмол өдөр. Таны өөртөө хэт итгэлтэй байдал таныг төөрөгдөлд оруулна. Энэ нь ажил гэр орны нөхцөл байдалд ч нөлөөлнө. Үдээс хойш сэтгэл санаа тогтворгүй болох уур уцаар хүрэх дүнсийж дуугаа хураах магадлал өндөр байна. Энэ таагүй зан аашаа засах хэрэгтэй.
Хумхын орд (1/20-2/18): Хянамгай байх өдөр. Эрчүүд өнөөдөр ирээдүйнхээ төлөө маш ихээр хөдөлмөрлөх хэрэгтэй болох нь. Олонх нь сонирхол татсан шинэ ажлын амтанд уусан орно. Санхүү мөнгөө сайтар тооцоолж алхах хэрэгтэй. Гэнэтийн мөнгө төгрөгтэй холбоотой асуудал тулгарахад туслах хүн олдохгүй.
Загасны орд (2/19-3/20): Сэтгэл зүрхтэй холбоотой асуудалд гэнэтийн таатай явдал тохиох өдөр. Гэнэтийн бэлэг авах болон таатай мэдээ сонсож болзошгүй. Гэнэтийн хайрын гурвалжингийн асуудалд амжилттай байхын тулд бүх хүч чадлаа шавхаарай.
Өнөөдрийн зурхай /2014.04.05/ | ||
Үзсэн: 1213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.