
Вьетнам аргаар бэлтгэсэн будаа
Жор: цагаан будаа 460, ус 1000, сонгино 70, цөцгийн тос 50, задь, давс
Жор: цагаан будаа 460, ус 1000, сонгино 70, цөцгийн тос 50, задь, давс
- Цагаан будааг хэд дахин угаана. Угаасан будаагаа бага зэрэг сэврээгээд ус нэмж хүчтэй галаар 8-10 минут чанана.
- Үүн дээрээ хэрчсэн сонгино нэмж усыг нь ширгэтэл 25-30 минут жигнэнэ.
- Дараа нь савтай будаагаа гал дээрээс гаргаад мөнгөлөг цаас юм уу цэвэр даавуунд битүүлэн боож 25-30 минут байлгана.
- Таваглахаас өмнөхөн нунтаг задь, цөцгийн тос хольж амт тохируулна.
Филиппин аргаар бэлтгэсэн будаа
Жор: цагаан будаа 100, чанасан загас 120, хан боргоцой жимс 100, нэг ширхэг гадил жимс, йогурт 100, каперс 2, тал нимбэг, хар повоор, давс
- Угааж цэвэрлэсэн цагаан будаа, лиш, үрлэн хар повоорыг цэвэрхэн самбайд боож халуун ууранд чанаж болгоно.
- Загасны чанаж болгосон махыг хувьлан зүсэж, нимгэн хавтгай хэрчсэн гадил, хан боргоцойн жимстэй нийлүүлж нимбэгний шүүсээр амт оруулаад хөргөөсөн будаатай холино.
Энэтхэг аргаар жигнэсэн будаа
Жор: цагаан будаа 320, цөцгийн тос 80, давс
- Цэвэрлэж угаасан цагаан будааг давстай их хэмжээний буцламгай усанд хийж 15 минут чанаад шүүн авч сэврээнэ.
- Дараа нь бариултай саванд будаагаа хийж цөцгийн тос холиод шарах шүүгээнд 5-10 минут жигнэж бэлэн болгоно.
Хятад аргаар бэлтгэсэн амтат будаа
Жор: цагаан будаа 700, элсэн чихэр 50, цөцгийн тос 70, алим, лийр, гүйлс, тоор, үзэм, бүйлс зэрэг жимс, самар бүгд 700.
- Цагаан будааг элсэн чихэр, цөцгийн тостой хольж саванд хийгээд гадаргууг нь тэгшилж үүн дээрээ жоронд заасан жимсийг хийж зөөлөн дарж тэгшлээд дахин будаа, дээр нь жимс гэхчилэн үелүүлж хамгийн дээд талд будаа байхаар бодож үйнэ.
- Савтай жимс, будаагаа буцламгай халуун устай тэвшин дотор тавьж ууранд жигнэж болгоно.
- Болмогц хэсэг хугацаанд бага зэрэг хөргөөд халуунаар нь таваглана.
Япон аргаар бэлтгэсэн цагаан будаа
Жор: цагаан будаа 230, ус 375
- Буцалж байгаа усанд угаасан цагаан будаагаа хийж битүү таглаж зөөлөн галаар 12 минут чанана. Чанаж байх явцад уур гаргаж болохгүй.
- Дараа нь галаа зогсоож саваа хөдөлгөлгүй бүгнэж гүйцээн болгоно.
Венесуэл аргаар бэлтгэсэн будаа
Жор: цагаан будаа 100, цөцгийн тос 10, гадил жимс 125, яншуйны навч 3, хар повоор, давс
- Цагаан будааг давстай усанд чанаж болгоно.
- Гадил жимсийг зузаавтар дугуй хэрчээд тосонд хоёр талаас нь жигд шарна.
- Шарсан жимс цагаан будааг хольж таваглаад нунтаг хар повоор, яншуйны жижиглэсэн навч цацаж мах, загасаар бэлтгэсэн хоолны хачирт өгнө.
Шарсан цагаан будаа ( Индонез )
Жор: цагаан будаа 460, булцуут сонгино 150 чинжүү 80-100, тахианы мах 300, хавч, наймаалж 150, эсвэл жигнэж болгосон загас 250, ургамлын тос 80-100, тал нимбэгний шүүс, саримс, повоор, давс, элсэн чихэр
- Цагаан будааг давстай усанд чанаж болгоод сэврээнэ. Дараа нь будаатай саваа алчуураар бүтээж халуун устай тэвшинд хэсэг байлгана.
- Сонгино чинжүү, саримсыг жижиглэн хэрчиж халаасан тосонд хуураад дээр нь хэрчсэн мах нэмж давс, повоороор амт тохируулаад үргэлжлүүлж шарна.
- Үүн дээрээ цагаан будаа, хавч, наймаалж, эсвэл жигнэж болгоод хэрчсэн загас нэмж, давс, элсэн чихэр цацаж нимбэгний шүүс шүршинэ. Ингээд үе үе хутган бага зэрэг хуурч бэлэн болгоно.
- Бэлэн болсон будааг саримс хэлбэр дүрстэй хэрчсэн шинэ өргөст хэмх, улаан лооль, шарсан гадил жимсээр хачирлаж нунтагласан самар цацна.
Цагаан будаа жигнэх аргаас | ||
Үзсэн: 3070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.