Шууд Chart

Александр Лукащенко: Беларусьт өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг гаднаас зохион байгуулж байна

2020-08-29 13:24:55

Беларусьт Ерөнхийлөгч Александр Лукащенкогоос огцрохыг шаардагчдын жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Өчигдөр л гэхэд Минскийн тусгаар тогтнолын талбайд эхэлсэн эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчид төдийгүй  олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг олноор нь баривчилсан тухай мэдээлж байна. Энэ хооронд Беларусийн Ерөнхийлөгч улс оронд өрнөж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг гаднаас зохион байгуулж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрээр болж буй үйл явдлыг Беларусийн эсрэг дайн хэмээн тодорхойлж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тус улсын эсрэг хамгийн өндөр түвшинд дипломат тулаан эхэлснийг тэмдэглэж хөрш орнууд нь хүртэл  дахин сонгууль явуулахыг ил тодоор шаардаж дотоодын хэрэгт нь хөндлөнгөөс оролцож байна хэмээн шүүмжилсэн юм. Түүнчлэн тэрээр Беларусь улс задарч бутарвал Гродненьск муж л гэхэд Польшийн мэдэлд очих аюултай эрсдэл бодитойгоор тулгарч  байгаа ч ийм боломж олгохгүйгээ амласан байна. Гэхдээ  гаднын  дарамт шахалт  тус улсын  дотоод эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлснийг тэрээр анхааруулсан юм. 

Энэ хооронд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шаардлагатай бол Беларусьт туслах хууль сахиулах байгууллагын ажилтнуудын нөөцийг хэдийн бүрдүүлээд байгаагаа мэдэгдсэнийг нь хэвлэлүүд өнөөдөр ихээхэн онцолж  байна. Тэрээр Холбооны улсын гэрээ, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын  хүрээнд  Орос  Беларусь  улсууд  тусгаар тогтнол, гадаад хил, тогтвортой байдлаа хадгалж хамгаалахад нь харилцан туслалцах үүрэг хүлээсэн  байдгийг сануулсан байна. Гэхдээ энэ нөөц хүчнийг Беларусь дахь хэт даврагч элементүүд тодорхой хил заагийг  давж, мөргөлдөөн гаргахгүй  бол ашиглахгүй гэдгээ Ерөнхийлөгч Путин Россия 1 телесувагт өгсөн ярилцлагынхаа үеэр онцлон мэдэгдсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Александр Лукащенко: Беларусьт өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг гаднаас зохион байгуулж байна  
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй