Шууд Chart

Дотуур цус алдалт

2015-05-07 09:39:02

Гэмтлийн улмаас болон дотор эрхтний эмгэгийн хүндрэл байдлаар цээж, хэвлийн хөндийд цус алдахыг дотуур цус алдалт гэж нэрлэдэг. Цус алдалтанд хүргэх өвчин цөөнгүй байдаг бөгөөд цөөнгүй тохиолддог нь умайн гадуурх жирэмслэлт, өндгөвчний цусан хавдар, элэгний хатуурал, хорт хавдар, уушгины хүнд эмгэгүүд юм. Эдгээрээс гадна цусны өвчин, гол судасны цүлхэн, дэлүүний эмгэг, ходоодны шархлаа, хавдар задарч цус алдахад хүргэх нь бий. Том судас гэмтсэн шинж тэмдэг богино хугацаанд тод илэрдэг бол жижиг судаснаас цус алдсан тохиолдолд хүний биеийн өөрийгөө хамгаалах зохицуулалтаас хамааран шинж тэмдэг бүдэг байсаар аажимдаа хүндрэх аюултай байдаг. Харин умайн гадна жирэмслэлт, өндгөвчтэй холбоотой цус алдалт богино хугацаанд их цус алдах учир даруйхан эмнэлэгт хандаж яаралтай мэс засалд орох шаардлагатай болдог. Илрэх шинж тэмдгүүд цус алдсан шалтгаанаас хамааран янз бүр байх боловч, ерөнхийдөө хүндрэл өгөх өвчнөөр эмчлүүлж байсан нь юуны өмнө анхаарах шалтгаан болно. Цус алдах тэр мөчид огцом хурц өвдөлт мэдрэгдэх ба “хутгаар хатгах мэт өвдөлт” гэж нэрлэдэг. Дараа нь арьс цайн, нүүр цонхийх, хүйтэн хөлс дааварлах, судасны лугшилт түргэсэн бараг тэмтрэгдэхгүй болох, даралт огцом унах шинжүүд илүүтэй гарна. Гарын алга, хумсны толио цайрах ба нүдний зовхийг эргүүлж харвал салст цайвар болсон байдаг.

Цус алдалт хэвлийн хөндийд бол хэвлийгээр хөндүүрлэж өвдөх ба зөөлөн дарж байгаад гараа огцом авахад хүчтэй өвдөлт өгнө. Ам нь хатан хэл нь хуурайшина. Уруул хөхөлбөртөнө. Цус алдалт үргэлжилсээр байгаа бол аажмаар ухаан алдаж болно. Эдгээр шинжүүд илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах юм уу, аль ойролцоо байгаа эмнэлэгт цаг алдалгүй хүргэх хэрэгтэй. Өвчтөнг тайван байлгаж, толгойг гудайлган хөлийг бага зэрэг өргөсөн байрлалд хэвтүүлнэ. Цус алдсан гэж үзэж буй хэсэгт /хэвлий/ хүйтэн жин тавих, ходоод, улаан хоолойн өргөссөн судаснаас цус алдсан бол мөс залгиулах арга хэмжээ авах ба огиулж бөөлжвөл толгойг хажуу тийш харуулан бургуйгаар соруулж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол бөөлжис залгигдан, амьсгалын замыг бөглөх аюултай. Гэрийн эмийн санд чинь цус тогтоох төрлийн эм байгаа бол уулгаж болно. С аминдэм, викасол болон дуслаар хийх зориулалттай эмүүд байдаг. Боломжтой бол судсаар зориулалтын шингэн дусааж болох боловч мэргэжлийн хүн байхгүй бол ийм төрлийн эмчилгээ хийлгэх гэж яарах хэрэггүй. Эмнэлэгт хүргэх боломж хязгаарлагдмал, эмнэлэг иртэл цаг алдахаар бол зайлшгүй заалтаар 05 хувийн глюкоз, хлорт натри, рингерийн уусмал дуслаар хийж болно. Цусны бүлгийг нь мэдэж байгаа бол адил буюу дээд бүлгийнх нь цус хийх нь хамгийн үр дүнтэй арга мөн. Ямар ч тохиолдолд эмнэлэгт хүргэж мэс заслын эмчилгээнд орсноор амь насыг нь аврах боломжтой. Ер нь дотуур цус алдаж болзошгүй хүнд өвчтэй хүний гэрийн эмийн санд цус алдалтыг зогсоох, шингэн сэлбэх эмүүдээс гадна зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмүүд эмчийн зааврын дагуу авч бэлэн байлгах нь болзошгүй хүндрэлээс сэргийлж чадна. Харин жирэмслэлттэй холбоотой цус алдалт голдуу эрүүл, залуу бүсгүйчүүдэд тохиолдох учир эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авснаар бүрэн илаарших боломжтой. Гол нь жирэмсэн болсон шинж тэмдэг илэрсэн даруй эмчийн хяналтанд орж, ургийн байрлалаа тогтоолгох нь зүйтэй байдаг. Умайн гадуурх жирэмслэлт эхэн үедээ оношлогдолгүй явсаар 2-3 сартайдаа гэнэт хагарах нь цөөнгүй. Зориулалтын ЭХО-гоор харж оношилно.

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос     
 


Дотуур цус алдалт  
Үзсэн: 19357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй