Шууд Chart

Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа

2026-08-28 11:46:18

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Талуудын 17 дугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар оролцож буй БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Тужийн нарсанд зохион байгуулсан Энх тайвны мод тарих ёслолд оролцож, дурсгалын мод тарилаа.

Тужийн нарсны нөхөн сэргээлт бол Монгол Улс, БНСУ-ын байгаль орчны хамтын ажиллагааны бодит үр дүн, амжилтын тод жишээ гэж болно.

2003 оноос БНСУ-ын “Юүхан Кимберли” компани, Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллага, нутгийн иргэд хамтран түймэрт өртсөн ойг нөхөн сэргээж, 3,250 га талбайг ойжуулан, 11 сая гаруй нарс мод тарьж, арчилж хамгаалж байна.

Ёслолд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүс оролцлоо.

Байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар 20 дахь жилдээ “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд солонгосын төр, хувийн хэвшил идэвхтэй хамтран ажиллаж байна.

БНСУ 2011 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг зохион байгуулжээ.

Нийтэлсэн: COP17 Mongolia

Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй