
"Их 20"-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар "COVID-19" цар тахлын үр дагаврын дараа эдийн засгаа сэргээхийн тулд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн ирээдүйд цар тахлуудад бэлэн байдлаа нэмэгдүүлэх асуудлаар ээлжит бус уулзалт хийлээ. Видео бага хурлын хэлбэртэйгээр болсон энэхүү уулзалтыг Саудын Араб улс даргалан явуулсан байна.
Сайд нар болон олон улсын төлөөлөгчид коронавирусний цар тахлын энэ үед ард иргэдийнхээ амь нас, амьжиргааг хамгаалахын тулд хилээ нээж, эдийн засгийн өсөлтөө хангах нь чухал гэдэгт санал нэгдсэн тухай уулзалтыг даргалан явуулсан Саудын Арабын Гадаад хэргийн яамнаас дүгнэлээ.
Тус улсын Гадаад хэргийн сайд Фейсал бен Фархан эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу олон улсын хилээ нээснээр улс орнуудын эдийн засаг сэргэж, хүмүүст энэхүү цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулна гэсэн итгэл найдвар төрнө гэж онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд нар "COVID-19" өвчний улмаас асар их хохирол, уй гашуу амссанд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлээд, хүн амынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүст талархал илэрхийлж байлаа.
Үүний зэрэгцээ энэ удаагийн видео бага хурлын үеэр “Их-20”-ийн хэдэн хэдэн улс Оросын коронавирусний вакциныг сонирхож байгаагаа илэрхийлсэн гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэмдэглэсэн байна. Үүнтэй холбоотойгоор энэ чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллахад нээлттэй гэдгээ баталж байна гэж Сергей Лавров мэдэгджээ.
Энэ удаагийн уулзалт нь ирэх 11 дүгээр сарын 21-22-нд Эр-Риядад болохоор төлөвлөсөн “Их-20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл, чухал алхам боллоо гэж талууд онцолж байна.
"Их 20"-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар ээлжит бус уулзалт хийлээ | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.