
Жирэмсэн байхдаа дараах зүйлсийг хийж болохгүй.
- Жирэмсэн хүн хэзээ ч бөхийж сууж болохгүй. Мөн газраас тонгойж юм авахыг хориглоно. Ялангуяа жирэмсний хоёр дахь триместрээс хойш. Учир нь бөхийх үед савны доторх зай багасч урагт шахалт үзүүлдэг байна. Тийм учраас бөхийх үйлдэл удаа дараа хийснээр хүүхдийн төрөлтийн байрлал буюу толгой түрүүлсэн байрлал солигдож хүүхэд хөндлөн байрлах, тэр ч байтугай өгзөг түрүүлсэн байрлалд орох аюултай. Явах үедээ ч нурууг ямагт тэгш байрлалд авч явах нь зүйтэй юм.
- Жирэмсний 5, 6 сартайгаас эхлэн дээшээ харж удаан хэвтэж болохгүй. Учир нь дээшээ харж удаан хэвтэх нь дараах сөрөг үр дагавартай. Юуны өмнө хэвлийд байгаа ураг эхийн гол судсыг дарснаас амьсгаа давчдахад хүргэнэ. Улмаар хүүхэд томрохын хэрээр хүүхэд эхсийн судсаа дарж шим тэжээл, хүчилтөрөгчийн урсгалд хязгаарлалт гардаг. Ихэнх тохиолдолд эхэс умайн ар хананд байрладаг тул дээшээ харж хэвтсэнээр ийнхүү ураг ихсээс ирэх судаснууд буюу хүйг дарах аюултай. Мөн дараагийн нэг сөрөг тал нь зургаан сартайгаас хойш хэвлий дэх хүүхэд түргэн томорч үүний хэрээр ус нэмэгдэж байдаг тул дээшээ харж хэвтсэнээр эхийн нуруунд ихээхэн даралт ачаалал ирдэг, улмаар нуруу өвдөнө. Тийм учраас жирэмсэн үеийн хамгийн зөв байрлал бол хажуу талаараа хэвтэж, хөлдөө дэр хавчуулах явдал. Гэхдээ баруун тийшээ харж удаан хэвтвэл зүрхэнд ачаалал өгдөг тул зүүн тийшээ харж хэвтэх хэрэгтэй.
- Жирэмсэн эмэгтэй нэг байрлалд удаан сууж болохгүй. Өөрөөр хэлбэл суулт удааширснаар эмэгтэйн цусны эргэлт удааширч улмаар урагт очих хүчилтөрөгч болон бусад шим тэжээлийн бодис сааталд ордог байна. Үүний улмаас умайн булчин чангарах буюу тонус өгөх, хөлд хаван үүсэх, ууц нуруу чилэх асуудал бий болно. Тиймээс 30 минут тутамд байрлалаа өөрчлөх, босч алхах, дасгал хийх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Ялангуяа удаан үргэлжилсэн онгоцны нислэгийн үеэр аль болох босч явж байхыг гадаад эмч нар зөвлөдөг юм билээ. Хэрэв босч явах боломжгүй бол ядаж хөл, шагай, хүзүү, гараа эргүүлэх дасгал хийж биен дэх цусан хангамжийг бага ч гэсэн түргэсгэх шаардлагатай.
Жирэмсэн үед бөгтийж сууж болохгүй | ||
Үзсэн: 1790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.