
"Их-7"-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар мягмар гарагт хамтарсан мэдэгдэл гаргаж, ОХУ-ыг Алексей Навальныйн асуудалд буруутай этгээдүүдийг олж, заавал хариуцлагад татахыг уриаллаа. “Химийн зэвсэг хэрэглэх нь хүлээн зөвшөөрөмгүй, олон улсын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл."Их-7"-гийн орнуудын Гадаад хэргийн тэргүүнүүд бид Химийн зэвсгийг хориглох тухай конвенцийн хүрээнд ОХУ-ыг үүргээ хүлээж энэхүү аймшигт хордуулалтад хэн хариуцлага хүлээхийг нэн яаралтай ил тодоор олж тогтоохыг уриалж байна” гэж Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар мэдэгдсэнийг АНУ-ын Төрийн департаментын сайтад мэдээлжээ.
ХБНГУ-аас "Их-7"-гийн орнуудын түншүүддээ Навальныйг “Новичок”-ийн бүлгийн бодист хордсон тухай шинжээчдийнхээ дүгнэлтийг танилцуулсан гэж энэ мэдэгдэлд дурдсан байна. "Их-7"-гийн орнуудын сайд нар Навальныйд тохиолдсон асуудлыг ОХУ-ын ардчилал, улс төрийн олон ургальч үзэлд томоохон цохилт боллоо гээд Оросын тал ямар хариу үйлдэл үзүүлэхийг анхааралтай ажиглах болно гэжээ.
Германы зэвсэгт хүчний тусгай лаборатори “Шарите” эмнэлгийн хүсэлтээр Оросын иргэнээс хор судлалын шинжилгээ авсан юм. Ингээд шинжээчид Навальный-гаас “Новичок”-ийн бүлгийн химийн бодис олж тогтоосон, энэ дүгнэлтэд эргэлзэх зүйлгүй гэж ХБНГУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт энэ сарын 2-нд мэдэгдсэн.
Харин Оросын талаас Навальныйд Омскийн эмнэлэгт шинжилгээ хийхэд ямар нэгэн хордуулагч бодис илрээгүй гэж мэдэгдсэн байна. Алексей Навальный нь өнгөрөгч наймдугаар сарын 20-нд Томскоос Москва руу нисч явахдаа онгоцонд бие нь гэнэт муудаж, ухаан алдсан. Энэ үеэр онгоц Омскийн нисэх онгоцны буудалд яаралтай газардаж, Навальныйг хотын эмнэлэгт хүргэсэн юм. Үүнээс хоёр хоногийн дараа түүнийг Берлиний “Шарите” эмнэлэгт хүргэн эмчилж байгаа юм.
Алексей Навальныйтэй холбоотой асуудалд буруутай этгээдүүдийг олж, хариуцлагад татахыг уриаллаа | ||
Үзсэн: 1043 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.