Шууд Chart

ДЭМБ хоол хүнсний үйлдвэрлэл дэх транс тосны хэрэглээнээс бүрмөсөн татгалзах зорилт дэвшүүллээ

2020-09-10 17:00:13

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ирэх 2023 он гэхэд хоол хүнсний үйлдвэрлэл дэх транс тосны хэрэглээнээс бүрмөсөн татгалзах зорилт дэвшүүллээ. Энэхүү зорилтыг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус лхагва гарагт Женевт хийсэн мэдэгдлээрээ баталсан байна.

Тэрбээр “2023 он гэхэд транс тосноос салах бидний зорилго ухраагүй. Дэлхий нийтээрээ "COVID-19" өвчний цар тахалтай тэмцэж байх зуурт бид хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө бүхий л хүчээ гаргах ёстой. Үүнд халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжит бүхий л арга хэмжээ орно” гэж тэмдэглэжээ.

ДЭМБ-ын баримтаас үзэхэд, үйлдвэрлэлд хэрэглэж буй транс тос нь жил бүр 500 мянга орчим хүн зүрх судасны өвчлөлөөр нас барах шалтгаан болдог байна. Тиймээс дэлхийн 58 улс 2021 оны сүүлч гэхэд 3.2 тэрбум хүнээ энэхүү хортой нэгдлээс хамгаалах хууль баталсан гэж ДЭМБ-аас тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ дэлхийн 100 гаруй улс транс тосыг хүнсний бүтээгдэхүүнээс хасах алхам хийх шаардлагатай болоод байна.

Өдгөө дэлхийн 15 улсад нийт нас баралтын гуравны хоёрыг транс тос хүнсэндээ хэрэглэснээс үүдэлтэй нас баралт эзэлж байна. Үүнээс дөрвөн улс болох Канад, Латви, Словени, АНУ хүнсний салбар дахь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж, бүтээгдэхүүнд хэрэглэгдэх нийт өөх тосны транс тосны хувийг 2 хувьд хязгаарлах буюу хэсэгчлэн хоригложээ. Харин 11 улс нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Ерөнхийдөө хүн амын дундаж орлого өндөр улс орнууд транс тосны хэрэглээгээ бууруулж байхад бага орлоготой улс орнуудаас нэг нь ч ийм алхам хийгээгүй гэж ДЭМБ-аас мэдээлжээ.

ДЭМБ өнгөрөгч 2018 оны зургаадугаар сард транс тосны хүчлийг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс үе шаттайгаар хасах “РЭПЛЭЙС” нэртэй төслөө танилцуулсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

ДЭМБ хоол хүнсний үйлдвэрлэл дэх транс тосны хэрэглээнээс бүрмөсөн татгалзах зорилт дэвшүүллээ  
Үзсэн: 1462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй